Ховд аймгийн зарим сумын Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай автомашин олгохоор болжээ

Ховд аймгийн зарим сумын Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай автомашин олгохоор болжээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ховд аймагт ажиллах үеэрээ Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраар орж цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.
 
Баруун таван аймгийн хэмжээнд энэ жил өвөлжилт, хаваржилт өнтэй сайхан болж урин дулаан цагтай золгосон бөгөөд энэ зун байгалийн гамшигт үзэгдэл, үер усны осол харьцангуй бага байгаа бөгөөд Увс аймгийн нэг сумыг эс тооцвол малын гоц халдварт шүлхий өвчин үгүй гэдгийг Ховд аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүй мэдээллээ. Харин баруун аймгуудаар нийт нутгийн хэмжээнд зуншлага тааруу байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрт эхлүүлэх, өвс, хадлан, тэжээлийг сайтар бэлтгүүлэхээр  төлөвлөөд байгааг дуулгав.
 
Шадар сайд өнгөрсөн жил баруун аймгуудаар албан томилолтоор ажиллахдаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр босон билээ. Тухайлбал, Ховд аймгийн Дарви, Манхан, Эрдэнэбүрэн, Буянт сумуудын Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэх, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын албаны хоёр орон сууцыг улсын өмчид бүртгүүлэх, мөн Завхан аймгийн Онцгой байдлын газар болон Увс аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон автомашинууд олгох зэрэг асуудлыг бүрэн шийдвэрлээд байгаа юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.