Д.Сумъяабазар “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслөө хэрэгжүүлэхээр КОМПАНИ байгуулсан ч, ЗГ төсөлд нь баталгаа гаргахгүй гэж шийджээ

Д.Сумъяабазар “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслөө хэрэгжүүлэхээр КОМПАНИ байгуулсан ч, ЗГ төсөлд нь баталгаа гаргахгүй гэж шийджээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахын тулд LRT буюу баганан тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг барих санаачилга гаргасан нь нэг хэсэг УИХ дахь МАН-ын гишүүдийг хоёр хуваагаад амжсан. Улмаар эл төслийг УИХ дэмжээгүй. 

Гэвч Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын санаачилсан “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг барих төсөл”-ийг 2022 ондоо багтаан эхлүүлэхийг НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар дэмжсэн байдаг. Тэгвэл эл төслийн санхүүжилт, баталгаа нь ирэх оны төсөвт суугаагүй гэдгийг өчигдөр /2022.09.28/ Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тодотголоо. Энэ талаар тэрбээр "Аан тийм, энэ төсөв дээр LRT-ын мөнгө, баталгаа энэ тэр гэж юу ч суугаагүй гэдгийг хэлэхээ мартчихаж" хэмээсэн. Өөрөөр хэлбэл төслийн нэгдүгээр үе шатны нийт санхүүжилт болох 926 сая ам.долларын 510 сая ам.долларын санхүүжилтэд Засгийн газар баталгаа гаргахгүй, санхүүжилт нь ирэх оны төсөвт суугаагүй учир эл төсөл хэрэгжихгүй гэсэн үг. 

Гэтэл Хотын дарга Д.Сумъяабазар 2024 он гэхэд дээрх төслийг хэрэгжүүлж дуусгана хэмээн хэдийнээ ажлаа эхлүүлээд байгаа аж.

-УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХХК-ИЙГ БАЙГУУЛЖЭЭ-

Тодотговол, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл” арга хэмжээний хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, төслийг түргэн шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулаад байгаа аж.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар LRT төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ-г “Урбан девелопмент консалтинг групп” ХХК, “Хятадын төмөр замын инженеринг консалтинг групп” ХК хамтран боловсруулжээ.

Уг ТЭЗҮ-д тусгагдсанаар хөнгөн галт тэрэгний нийт урт нь 49.4 км ба гурван чиглэлийн шугамтай байхаар төлөвлөсөн байна.

Нэгдүгээр чиглэл нь Буянт-Ухаа 2 хорооллоос эхлэн Нисэх-Яармагийн дагуу Чингисийн өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, зүүн дөрвөн зам, Сансарын тойрог хүртэл байхаар аж. Эл чиглэлийн урт нь 18.1 км байх бөгөөд үүний 5 км нь газрын түвшинд, 13 км нь гүүрэн байгууламж байхаар ТЭЗҮ-д тусгагджээ. Мөн 15 зогсоолтой байх бөгөөд үүнээс 11 нь гүүрэн тулгуурт буудал, дөрөв нь газрын түвшний буудал байхаар төлөвлөсөн байна.

НИТХ-ын тогтоол

Түүнчлэн LRT төслийг хэрэгжих газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлэхээр НИТХ-ын тогтоол батлагджээ. Тодруулбал НИТХ-ын 39 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн зургадугаар хороо “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зүүн талын нутаг дэвсгэрийн 110 06 га газрыг 7.5 тэрбум төгрөгөөр улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн байна.  

Нэг үгээр хэлбэл Хотын дарга Д.Сумъяабазар “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ хэмээн ийнхүү хөрөнгө зарж, ажлаа эхлүүлээд байгаа. Гэвч эл төслийг эхнээс нь дэмжихгүй, эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар эл төслийн санхүүжилт ирэх оны төсөвт суугаагүй хэмээн мэдэгдлээ. Эдгээрээс харахад LRT төсөл өмнөх Хотын дарга С.Амарсайханы санаачилж байсан Дүүжин тээврийн араас орж, сураг алдрах бололтой.