Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнгөрсөн 10 жилийн хугацаанд буюу 2012 оноос хойш гадаадын компани хэрхэн хохирсон, хэрэгт хэн холбогдсон, хэн шалгасан, ямар прокурор хяналт тавьж ажилласан, хэрхэн хэрэг нь хаагдсан, хэрхэн хэрэг дарагдсан, ямар хүмүүс оролцсон, оруулагч нь хэн байсан гээд бүгдийг ил болгоно.
Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсийн холбогдсон гадаадын хөрөнгө оруулагчийг тонон, дээрэмдсэн хэргийг ил болгоно. Маш их бугшсан хэргийг аравдугаар сарын 28-нд бэлэн болгож, дэлгэрэнгүй олон нийтэд хүргэх болно. Ийм хэргүүдийг ил болгож, бүгдийг нь шийдүүлж байж хөрөнгө оруулагчид бидэнд итгэх итгэл тээнэ” гэсэн.
Түүний мэдээллийн агуулга нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах зорилгод чиглэж буй ч цагдаа, прокурор, шүүхийн шатанд шалгагдаж буй хэргийг ил мэдээлж, процессыг дэлгэх нь Хууль зүйн сайдын үүрэг мөн үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд
- Эрх зүйн шинэтгэлийн бодлого;
- Хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;
- Эрх зүйн туслалцаа зэрэг хэд, хэдэн асуудлыг хариуцна гэсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД дарж унших. Ингэхдээ салбарын бодлогыг боловсруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллах эрх, үүрэгтэй болохоос мөрдөн шалгаж буй хэрэгт хөндлөнгөөс оролцож түүнийгээ олон нийтэд мэдээлэх нь хуулиар хориотой юм. Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Нямбаатар зарим үед хуулийн хэм, хэмжээнээс давсан эрх, үүргийг хэрэгжүүлж, шалгагдаж буй хэргээр дэлгэрэнгүй мэдээллийг хүртэл олон нийтэд түгээж харагддаг билээ.