ШУУРХАЙ: "Парис-2024" Зуны олимпод Оросын тамирчдыг Монгол Улсын нэр дээр оролцуулах асуудлыг ярилцжээ

ШУУРХАЙ: "Парис-2024" Зуны олимпод Оросын тамирчдыг Монгол Улсын нэр дээр оролцуулах асуудлыг ярилцжээ

2024 оны зуны олимп, паралимпын наадам Францын нийслэл Парис хотноо болно. Тус олимпод манай улс "Допингийн дүрэм", "Допингийн эсрэг үндэсний зөвлөл"-өө батлаагүй гэх шалтгаанаар оролцохгүй болж магадгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Монгол Улс "Дэлхийн допингийн эсрэг агентлаг"-ийн тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлж, "Парис-2024" олимпын наадамд оролцох боломжтой болбол ОХУ-ын тамирчид Монгол Улсын нэрийн өмнөөс тус олимпод хэд хэдэн төрөлд оролцож магадгүй байгаа аж.  Тодруулбал, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимирович нар уулзах үеэрээ энэ талаар онцолсон байна.

Тодотговол, ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимирович "Зарим спортын төрлүүдээр ОХУ-ын шилдэг тамирчдыг олимп болон тив, дэлхийн тэмцээн уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах" хүсэлт гаргажээ.

Түүний энэхүү хүсэлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан судалж байгаа бөгөөд хоёр орны "Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах"-д энэ талаар тодорхой шийдэлд хүрэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга Д.Жаргалсайхан Монгол Улсыг гадаад улс орнуудын хоригт оруулж магадгүй зарим үйлдлийг гаргах болсон. Тухайлбал, тэрбээр Тайванийн төлөөлөгчтэй уулзалт хийсэн бол, ийнхүү Оросын тамирчдыг Монголын нэр дээр оролцуулах асуудлыг ч ярилцсан байна.