БНСУ-д Чингис Хаан Үндэсний музейг сурталчлан танилцуулна

БНСУ-д Чингис Хаан Үндэсний музейг сурталчлан танилцуулна

БНСУ-д суугаа элчин сайд Э.Сарантогос өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-нд /2022.11.16/ Чингис Хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн,  БНСУ-ын Төв Ази судлалын хүрээлэнгийн захирал Юн Хён Вон, Чингис Хаан Үндэсний музейн Сан хөмрөг хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг нарыг тус ЭСЯ-нд хүлээн авч уулзан, Монгол, БНСУ-ын түүх соёлын өв, музейн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.

Тодруулбал,  Чингис Хаан Үндэсний музей Улаанбаатар хотноо саяхан нээлтээ хийж, дотоод гадаадын үзэгчдэд Монгол орны түүх соёлын талаар цогц мэдээлэл олгох үйл ажиллагаа явуулж байгаа талаар музейн захирал С.Чулуун танилцуулсан байна.

Мөн Элчин сайд Э.Сарантогос Чингис Хаан Үндэсний музейн түүхэн бүтээн байгуулалтад баяр хүргээд цаашид Монголын түүхийг сурталчлан таниулах, түүний дотор суугаа орны ард иргэдэд Монгол орны тухай мэдлэг түгээн дэлгэрүүлэхэд болон аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд энэхүү музей чухал үүрэгтэй болохыг онцолжээ.

“Чингис хаан” Үндэсний музейг нээх ёслол 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болсон. Үндэсний музейд:

  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
  • Их Монгол Улс;
  • Монголын Их эзэнт улс;
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрүүдийг байршуулсан байна.