БАЙР СУУРЬ: Нүүрсний хэрэгт нэр холбогдсон Б.Ганхуяг нарт шинээр батлагдах Эрүүгийн хууль  үйлчлэхгүй, хэргээ хялбаршуулах журмаар шийдүүлэх боломжтой

БАЙР СУУРЬ: Нүүрсний хэрэгт нэр холбогдсон Б.Ганхуяг нарт шинээр батлагдах Эрүүгийн хууль үйлчлэхгүй, хэргээ хялбаршуулах журмаар шийдүүлэх боломжтой

УИХ-аар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлээд байна. 

Тус өөрчлөлтөөр

  • Хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх нь дуусгавар болсны дараагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгийг хурааж улсын орлого болгох,
  • Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах. Тухайлбал, зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар эсвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, 
  • Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар болон гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор байгаа юм. 

Ялын бодлогыг чангатгах энэхүү өөрчлөлтийг Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдийн шаардлагын дагуу хийж байгаа. Харамсалтай тус өөрчлөлт нь нүүрсний хэргээр өнөөдөр шалгагдаж буй хүмүүст огт үйлчлэхгүй юм.

Учир нь хууль буцаж үйлчилдэггүй үндсэн зарчим бий. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын одоо шалгагдаж буй хүмүүст Эрүүгийн хуульд оруулж буй дээрх бүх өөрчлөлт үйлчлэхгүй хуучин хуулиараа буюу хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх боломжтой гэсэн үг юм. 

--

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын байр, суурийг сонсов.

ҮЗЭХ:

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:  Өнөөдрийг хүртэл шалгагдсан хэргүүд энэ хуулиар шийдүүлэхгүй. Нэмж хэлэхэд, өнөөдрийг хүртэл хийгдсэн гэмт хэрэг ирээдүйд илэрлээ гэхэд энэ хуулиар зохицуулагдахгүй. Тухайлбал, тус хууль ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэллээ гэхэд илрээгүй ч гэмт хэрэг нь тухайн хугацаанд хийгдсэн бол мөн л дээрх хуулиар шийдэгдэхгүй. Хуучин хуулиараа шийдэгдэнэ. Хууль буцааж хэрэглэхгүй гэдэг алтан зарчим бий. Алтан зарчмын дагуу ирээдүйд хийгдэх гэмт хэрэгт л тус хууль ач холбогдолтой.

Энэ хуулинд нэг “НО” байна. Төрийн албан хаагч  их хэмжээний хохирол учруулсан бол 2-8 жилийн ялтай болгон чангалж байна. Хуучин 1-5 жилийн ялтай байсан. Гэвч одоо найман жил хүртэлх ялтай хүн өөрийнхөө гэм буруутайг хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулан, гэмт хэргийг нотлоход туславал хамгийн бага ялыг нь нэг дахин бууруулна гэж байна. Тэгэхээр асар их хэмжээний нүүрс хилээр гаргасан хүнийг барьж авлаа гэж бодъё. Тэр албан хаагч нэг жил хорих ангид ял эдлээд гарч ирэх нь байна шүү дээ. Жишээ нь Б.Ганхуяг гэж нөхөр хэдэн их наядаар нь хохирол учруулчхаад тэр мөнгөөрөө том, том хаус, барилга барьж их мөнгө "идэж уучхаад" нэг жилийн дотор гарч ирээд сошиалд хэрэлдчихсэн сууж байх нь байна. Ийм заалт тус хуульд байна. Тэгэхээр ялыг хөнгөрүүлэх 6.7 дахь заалтыг хаах зайлшгүй шаардлага байна.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.МӨНХБААТАР: Ер нь бол Эрүүгийн хууль буцаан хэрэглэгддэггүй үндсэн зарчимтай. Тиймээс хууль буцаан хэрэглэгдэхгүй. Гарсан өдрөөс цааш үйлчилдэг. Өмнөх хуулиуд нь хүчин төгөлдөр байж байдаг. Тухайлбал, хулгайн гэмт хэрэгт оногдуулах ял байлаа гэхэд магадгүй таван жилийн дараа цаазаар авах ялтай боллоо гэхэд цаазлах нь байна шүү дээ. Тэгэхээр тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулдаг.