ВИДЕО: Цаа буга, цаатан иргэдийн соёлыг танилцуулахаар Улаанбаатар хотын Богд ууланд отоглоод буй Н.Ганбатынд зочиллоо

ВИДЕО: Цаа буга, цаатан иргэдийн соёлыг танилцуулахаар Улаанбаатар хотын Богд ууланд отоглоод буй Н.Ганбатынд зочиллоо

Төв, говь, баруун аймгийн иргэд болоод Улаанбаатар хотын хүүхэд залуучууд Цаа буга болон Цаатан соёлын талаар тэр бүр сайн мэдэхгүй. Тэгвэл дэлхийд цор ганц цаат буга хөлөглөн амьдардаг хүмүүс бол Хөвсгөлийн тайгынхан юм. Иймд бид Хөвсгөл аймгийн зүүн тайгаас цаатан уламжлалыг сурталчлан таниулахаар нийслэл хотыг зорин ирээд буй нэгэн гэр бүлийг онцоллоо.

ВИДЕО: 

Урианхайн хязгаарт өв соёл, ёс уламжлалаа өнөөг хүртэл нэгээхэн ч орхигдуулалгүй хадгалж цаа буга маллан амьдардаг Н.Ганбатын гэр бүл Улаанбаатар хотыг зорин ирээд 10 гаруй хоногийг өнгөрүүлжээ.

Тэрбээр Хөвсгөлийн зүүн тайгад 40 гаруй цаа маллан амьдран суудаг бөгөөд тайгадаа хүүхдийн боловсролд зориулан байгуулагдаж буй "Шидэт урц" ТББ-д хандив өгч, баруун тайгадаа ч уг жишгээр "Шидэт урц" байгуулах зорилгоор нийслэл хотын хүүхэд залуучуудад цаатан түмний нүүдлийн соёлыг танилцуулахаар Богд ууланд отоглоод байна. Түүний хувьд гэр бүлээрээ анх удаа тайгаас гарч буй нь энэ аж.

Сонирхуулахад, Энэ жил "Лантуун дохио" ТББ- аас 21 аймгийн хэмжээнд зарласан "Ид шидийн орон" жишиг төв байгуулах төсөлд Дундговь аймаг шалгарч дөрвөн сарын дотор "Ид шидийн орон" сүндэрлэсэн билээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн залуус өөрсдийн санаачилгаар тууштай ажилласны эцэст "Ид шидийн орон" барих хоёр дахь аймгаар шалгарч барилгын ажил нь эхлээд буй. Энэ хүрээнд суурин газраас алслагдмал Хөвсгөлийн зүүн тайгын хүүхдүүдэд зориулан тэдний суралцах, хөгжих боломжийг бүрдүүлсэн "Шидэт урц" байгуулсан юм. Иймд Н.Ганбат гуайн гэр бүл уг төсөлд дэмжлэг үзүүлж, цаашид үргэлжлүүлэх зорилгоор ийнхүү хөдөлмөрлөж явна. Ингээд Цаа маллагч, Тува иргэн Нямжавын Ганбатын ярилцлагыг хүргэе.

-Н.ГАНБАТ: ТАЙГЫНХАА ХҮҮХДҮҮДИЙГ СУРАХ ТОГЛОХ ОРЧИН БҮХИЙ "ШИДЭТ УРЦ" ТАЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ. ЦААТАН СОЁЛЫН СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХААР НИЙСЛЭЛД ИРСЭН-

-Та бүхний хувьд хэдэн ам бүлээрээ ирэв. Хүмүүс хэр их зорин ирж байна?

-Хүмүүс нэлээд ирэх болсон. Би ганц гэрээрээ буюу эхнэр хүүхдийн хамт ирсэн байгаа.

-Ирээд хэд хонож байна. Ямар зорилгоор монголын хязгаар нутгаас нийслэл хотыг зорих болов?

-Бид ирээд 10 гаруй хонож байна. Хөвсгөлийн зүүн тайгад "Шидэт урц" ТББ байгуулагдсан. Тэр байгууламжид хүүхдүүд ном, сонин уншиж, тоглох зориулалттай. Тиймээс бид тэрхүү байгууламжийг үйл ажиллагааны зардлыг олж, үлдэгдэл мөнгөөрөө баруун тайгадаа бас "Шидэт урц" байгуулах зорилготой ирсэн.

-НУТАГШИЖ Л БАЙНА. ГЭХДЭЭ НУТГИЙН МААНЬ БАЙГАЛЬ ЭНДЭЭС ШАЛ ӨӨР Л ДӨӨ. ЯНЗЫН ГОЁ-

-Цаа буга нь юугаар хооллож, хэр нутагшиж байна?

-Нутагшилтын хувьд гайгүй байгаа. Харин хооллолт гэвэл бид нутгаасаа өвс ачиж авч ирсэн. Тэрнээсээ идүүлж байгаа. Мөн богд ууланд гарч эндхийн хад асгад дахь буга, согоо иддэг өвсийг л идэж байгаа. Би өглөөдөө уул руу гаргахад, идээшлээд өөрсдөө буцаад ирдэг юм.

-Таны хувьд өмнө нь ингэж нутгаасаа гарч үзэж байсан уу?

-Үзээгүй ээ. Анх удаа л нийслэлд ирж байна.

-Өмнө нь огт тайгаас гарж байгаагүй гэсэн үг үү?

-Тиймээ. Тайгаасаа гарч байгаагүй.

-Нутгийн онцлог нь ямар байна. Зүүн тайга болон Улаанбаатар хотын богд уулыг харьцуулбал?

-Хэдийгээр манай нутаг шиг хүйтэн биш ч зүгээр байгаа. Гэхдээ манай нутгийн байгаль эндээс шал өөр л дөө. Янзын гоё. Өвс цааны идэш тэжээл зүгээр хажуудаа байж байдаг. Бид чинь нүүдлийн амьдралтай хүмүүс болохоор цааныхаа өвсийг буусан газраасаа бэлдээд явдаг юм.

-Хэдий хүртэл байх вэ. Дараа дараагийн жилүүдэд буцаж ирэх үү?

-Тэрийг сайн мэдэхгүй л байна. Ямар ч байсан энэ жилийн хувьд одоо болох гэж буй шинэ жилийг би өөрөө хот газарт орж ирж үзэж байгаагүй. Тиймээс энэ газар шинэ жил ямар болдог тэрийг харах зорилго, бодол байгаа. Шинэ жил өнгөрүүлээд удахгүй явна даа.

-Улаанбаатар хотод цаа болон цаатан соёлыг мэдэхгүй олон хүн бий. Тэдэнд хандаж юу гэж уриалмаар байна?

-Бид тайгаас энд ирж, цаатан отог, нүүдлийн амьдрал ямар байдгийг танилцуулж, хот газрын хүүхэд багачуудад сонирхуулъя. Энэ соёлыг үзүүлж харуулъя гэсэн зорилгоор ирээд байна. Тиймээс та бүхнийг бүгдээрээ ирж танилцахыг урьж байна.

-Соёлоо сурталчлан таниулахаар хөдөлмөрлөж буй танай гэр бүлд болон бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Биднийг зорин ирсэн. Та бүхэнд бас баярлалаа. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө