А.Баянмөнх: Тотьны маань хамгийн сайн хэлдэг үг “мэндчилэх”, гэхдээ уурлахаараа хараалын үг хэлдэг /ВИДЕО/

А.Баянмөнх: Тотьны маань хамгийн сайн хэлдэг үг “мэндчилэх”, гэхдээ уурлахаараа хараалын үг хэлдэг /ВИДЕО/

Дэлхий дээр оршин буй олон янзын амьтад бий. Тэд хэдий өөр өөрийн гэсэн араншинтай, өвөрмөц содон бүтэцтэй ч хүний хэлээр ярьдаг амьтан төдийлөн олон байдаггүй. Иймд бид энэ удаа хүний хэлээр ярьдаг. Тэр дундаа монгол хэлээр 10 гаруй үг чөлөөтэй хэлж чаддаг тотийг онцоллоо.

ВИДЕО: 

Түүний эзнийг А.Баянмөнх гэдэг бөгөөд дэлхийн хамгийн сайн ярьж чаддаг African grey тоть авч, Лика хэмээн нэрлэж дөрвөн жил хамт амьдарчээ. Ингэхдээ түүнийг маш эмзэг ухаантай. Өөрт нь сайн болон муу зүйл хийсэн хүнийг хэзээ ч мартдаггүй. Заавал хариугаа авдаг. Мөн уурлахаараа хараал хэлж, хааяа даа хайртай шүү гэдэг тухай  дурдаж байлаа. Мөн тэрбээр ярьдаг тотьноос гадна өнгө нь хувирдаг гүрвэлүүд, нохой, яст мэлхий, дунгийн ховор төрлүүдийг тэжээдэг аж.  Ингээд түүний эзэн болох Солонгос Улсад ажиллаж, амьдарч буй монгол залуу А.Баянмөнхийн ярилцлагыг хүлээн авна уу.

-ЛИКА МААНЬ ХҮНИЙ ХЭЛЭЭР ДЭЛХИЙ ДЭЭР ХАМГИЙН САЙН ЯРЬЖ ЧАДДАГ ТӨРЛИЙН ТОТЬ. ЯРИХДАА МАШ ТОД ХҮНТЭЙ ИЖИЛ ДУГАРЧ ЧАДДАГААРАА ДАВУУ ТАЛТАЙ-

-Сайн байна уу. Юун түрүүнд та манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаан уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Амгаланбаатарын Баянмөнх гэдэг. Солонгос Улсад сурдаг. Бизнес эрхэлдэг. Амьтан тэжээх хоббитой залуу байна.

-Хүний хэлээр ярьдаг тоть тэжээдэг гэсэн шүү дээ. Тотио танилцуулбал?

-Тиймээ. Манай тотийг Лика гэдэг. Хүйсийн хувьд эмэгтэй.

-Тотио хэзээ авч байв. Яагаад ярьдаг тоть авч тэжээх болсон бэ?

-Миний хувьд хүүхэд байхаасаа амьтан тэжээдэг байсан. Тэр дундаа ярьдаг тотьтой болохыг маш их хүсдэг байсан. Тэгээд судалж байгаад Ликаг дөрвөн жилийн өмнө авч байсан.

-Ликагийн онцлог давуу талуудаас дурдвал?

-Ликагийн хувьд "African grey" гэдэг төрлийн тоть бөгөөд хүний хэлээр дэлхий дээр хамгийн сайн ярьж чаддаг төрөл. Ярихдаа маш тод хүнтэй ижил дугарч чаддагаараа давуу талтай. Мөн дөрвөн настай хүүхэдтэй тэнцэхүйц хэмжээний сэтгэн бодох чадвартай. Тийм ухаантай амьтан.

-Хэдэн үг хэлж чаддаг вэ?

-Ер нь сайн зааж чадвал сургасан үг болгоныг хэлж чадна. Гэхдээ бидэнд төдийлөн тийм цаг зав байдаггүй учир Лика маань одоогоор 15-17 үг хэлж байгаа.

-Түүний хэлдэг хамгийн  гоё болон муухай үг нь юу вэ?

-Мэдээж хамгийн гоё үг нь "хайртай шүү". Харин муухай нь "ална шүү" гэх мэт хараал байдаг. Тэрийгээ уурлахаараа давтаад хэлээд л байна шүү дээ.

-Харин хамгийн сайн хэлж чаддаг үг?

-Хүнтэй мэндчилнэ. "Сайн уу" болон "баяртай" гэдэг үгсийг олон хэлдэг.

-МИНИЙ ХУВЬД ТЭЖЭЭХЭД ХАМГИЙН АМАРХАН АМЬТАН ТОТЬ-

-Тотио юугаар хооллодог вэ?

-Ликаг самар, жимс, хүнсний ногоо, нарийн ногоо гэх мэт хүнсээр хооллодог. Тэр дундаас Лика хар самар, газрын самарт их дуртай. Гэхдээ хар самар их өгөх нь хориотой байдаг. Учир нь элэг нь өөхөлж, өвчилдөг. Харин жимсний хувьд усан үзэмд хамгийн их дуртай. Хүрсний ногооны хувьд лууван иддэг. Төмс, сонгино, саримс өгч болдоггүй.

-Насжилтын хувьд. Гэрийн нөхцөлд тэжээх тохиолдолд байгальд амьдарч буйгаас бага наслах тохиолдол байдаг уу?

-Мэдээж ялгаа байлгүй яах вэ. Гэрийн нөхцөлд 50 болон түүнээс дээш насалдаг. Чөлөөтэй нисэж чадахгүй байгаа учир сөрөг нөлөөтэй хэдий ч хоол хүнс нь бэлэн аюулгүй байгаа болохоор тайван стрессгүй байдаг.

-Харин сөрөг тал буюу тэжээхэд ямар хүндрэл гардаг вэ?

-Тоосонцор ялгаруулдаг. Тиймээс байнга усанд оруулж, цэвэрлэдэг. Цэвэрлэхгүй орхивол маш их тоосонцор ялгаруулна.

-Давуу талуудыг нь дурдвал?

-Нэлээд их бий шүү. Миний хувьд олон амьтан тэжээж байсан. Тэр дундаас тоть тэжээх нь хамгийн амархан юм шиг санагдсан. Яагаад гэвэл энэ амьтанд нэгдүгээрт баас, шээсний үнэр байхгүй. Хоёрдугаарт нохой шиг байнга гарч салхилуулаад байхгүй. Арчилгаа харьцангуй бага байдаг. Би одоо нохой тэжээдэг. Харьцуулаад байхад одоо тэжээж байгаа амьтдаас хамгийн хялбар нь тоть байдаг.

-Тотиндоо ямар арчилгаа хйиж, анхаарал тавьдаг вэ?

-Тоть тэжээхэд юу анхаарах хэрэгтэй вэ гэвэл. Нэгдүгээрт дулааныг нь маш сайн тааруулж өгөх хэрэгтэй. Хүйтэнд байж болохгүй. +27 градусаас дээшээ байх ёстой. Тэгээд хоол хүнсийг нь сайн тавьж өгнө. Мөн шувуу учир ус маш сайн тавих хэрэгтэй шүү. Эдгээрийг зохицуулаад өгчихвөл тэжээхэд ямар ч асуудал байхгүй.

-ЛИКАГЫН МААНЬ ХҮНИЙ ХЭЛЭЭР МАШ ТОД ЯРЬДАГ. ТЭГЭХДЭЭ НАМАЙГ ДУУРАЙЖ, ХАЖУУД БАЙГАА ХҮНИЙХЭЭ ХООЛОЙНЫ ӨНГӨӨР ЯРЬДАГ-

-Ликагийн зарим нэг ярианы бичлэгийг сэтгэгдэл хэсэгт  зарим хүмүүс "дугарч өгч байна” гэсэн байсан?

-Тиймээ. Зарим хүмүүс гайхдаг юм. Зөв л дөө. Ликагийн маань хувьд хүний хэлээр маш тод ярьдаг. Мөн тоть угаасаа хэн нэгнийг дуурайж дугарч сурдаг. Тэгэхээр хүмүүс бид хоёрын бичлэг нь дээр "Цаана нь хүн яриад байна шүү дээ. Хүн дугарчихлаа шүү дээ. Дагаад хэллээ" гэж маш их ярьдаг. Тийм биш. Лика өөрөө 100 хувь ярьдаг. Ярихдаа миний хоолойны өнгийг маш сайн дуурайж ярьж чаддаг гэсэн үг. Зарим үгсийг надаас биш өөр хүнээс сурсан бол өөрөөр хэлнэ.

-Нисэж чадахгүй учир сөрөг нөлөөтэй гэсэн шүү дээ. Тиймээс зарим хүмүүс шувуугаа авахдаа л далавчийг нь нисгэхээргүй болгосон байдаг. Ликаг хараад байхад нисдэг хэвээр байсан. Тэгэхээр гаргаж нисэгдэг гэсэн үг үү?

-Тиймээ. Бид анхнаасаа л нисгэхгүй болгохыг зориогүй. Би Ликаг салхилуулахаар их авч гардаг. Ийш тийшээ салхинд гарахдаа Ликаг аваад явна. Харин гарахдаа хөлд нь байнга гинж хийж авч гардаг. Тэгэхгүй бол гадаа дуу чимээтэй мотоцикл, машин, муур, нохойны дуунаар цочиж нисэх магадлалтай.

-АЛГА БОЛООД ТЭР ОЛОН ХОНОГ ЯВАХДАА ХООЛ ОЛЖ ИДЭХИЙГ ХҮССЭНДЭЭ Ч ТЭГСЭН ЮМ УУ. НАДААС ӨӨР ХҮН ДЭЭР ОЧДОГГҮЙ ТОТЬ ӨӨР ЗАЛУУГИЙН МӨРӨН ДЭЭР ХООЛ ИДЭЭД СУУЖ БАЙСАН-

-Салхилуулж байхдаа нисгэвэл эргэж ирдэг үү?

-Сайн сургасан шувууд эзнээ шүгэлдэхэд эргээд ирдэг. Би нэг удаа Ликаг сургах гэж байгаад туршлагагүйгээсээ болж алдсан. Долоо, найм хоног алга болгосон. Тэгээд ес дахь хоног дээр нь олж авсан. Тэр үед би Ликаг олохдоо маш их баярласан. За ингээд л алга болдог юм байж үхсэн байх даа. Эсвэл муур нохойны хоол боллоо доо гэж бодсон. Тэгээд явсны эцэст сүүлд нь олж авсан. Энэ нөхрийг олж авахад эрэн хайгаад явсан. Хоёр, гурав хоногоос Ликагын сураг гарч эхэлсэн. Эхний айлаар орсон чинь "танай тоть урд шөнө ирсэн. Манай агуулахад байсан ваарыг унагаж хагалсан. Тийм үнэтэй ваар хагалсан" гээд төлбөрт орсон. Тэгээд хайж байгаад сүүлийн өдрөө маш том ваарын дэлгүүрээс олж авсан. Нэг эзэнтэй. Тотийг нэг хүнд дасдаг гэж байсан. Тийм биш байсан. Би тэр үед хараад гайхсан. Миний мөрөн дээр ингэж суугаад байж байдаг. Өөр хүмүүс буюу манайд орж гарч байгаа хүмүүс дээр хэзээ ч очдоггүй. Алга болоод тэр олон хоног явахдаа хоол олж идэхийг хүссэндээ ч тэгсэн юм уу. Ваар зардаг дэлгүүрийн залуугийн мөрөн дээр сууж хоол идээд, надтай явдаг шиг ээ явж байсан. Тэр үед би хараад энэ маш ухаантай юм байна. Надтай явдаг шиг ээ уурлаагүй. Гэртээ байсан бол яаж ч өлсөж байсан. Хүн хоол өгөхөд очихгүй шүү дээ. Тэгсэн арга ядсан үедээ хүний гарт очоод мөрөн дээр нь суугаад хоол идэж байсан. Тэгэхээр маш ухаантай юм байна лээ.

-Ликагаас бусад тэжээж буй амьтадаа танилцуулбал? Их сонин амьтад харагдсан?

-За одоогоор манайд гүрвэл chameleon, Grestedgecko, нохой, яст мэлхий дун буюу hermit crab зэрэг байгаа. Гүрвэлүүд маань анх ирэхдээ их цочдог. Тэгэхээр өөрийгөө хамгаалаад өнгө өнгөөр хувирдаг байсан. Одоо гайгүй болсон. Мөн төрөл бүрийн загас бий.

-Эдгээр амьтадыг нэг хамтад нь тэжээхэд асуудал гардаг уу?

-Энэ хэд маань зүгээр байдаг. Хоорондоо зохицоод сурсан байгаа. Харин муур ч юм уу нэмж авлаа гэхэд зохицолдлогоо нь таарахгүй учир өөр амьтан авч чадаагүй байна. Авахаар бол сайн судалж гэр бүлээрээ ярилцаж байгаад авна.

-Олон төрлийн ховор амьтад гэртээ тэжээдэг туршлага болон амьтанд хайртай залууст зориулж мэдээлэл болон уриалга хэлээд яриагаа өндөрлөе.

-Мэдээж аливаа амьтныг тэжээхдээ заавал судалж байж авах хэрэгтэй. Миний хувьд судалж аваагүй. Сэтгэлийн хөөрлөөрөө амьтан аваад буцааж байсан тохиолдол нэлээд хэд байгаа. Ер нь энэ амьтныг авлаа. Дараа нь яг яах юм. Яаж тэжээх юм. Сөрөг үр дагавар сайн тал зэргийг нь сайн судалж байж авахгүй бол амьтан аваад заавал буцааж дэлгүүрт нь өгөх шаардлага гардаг. Ингэхгүйн тулд та бүхэн амьтыг авахдаа сайн судалж, юу идэж уудаг юм. Яаж амьдардаг юм. Хамт байхад юу нь хэцүү байдаг юм. Сул тал нь юу байдаг зэргийг сайн судалж байж аваарай. Миний хувьд хүүхдийг багаас нь амьтантай хамт байлгаж хамт өсгөвөл хүүхэд буруу зөрүү зүйлд уруу татагдахгүй. Маш их хариуцлагатай болдог. Нохой, шувуу тэжээлээ гэхэд нохойгоо заавал авч гарч салхилуулаад, хоолыг нь өгөөд маш хариуцлагатай болж чаддаг. Тийм учраас та бүхэн хүүхдүүддээ аль болох амьтантай ойр байлгаж, амьтан авч өгөхийг хичээгээрэй. Угаасаа ямар нэгэн амьтан авахад гэр бүлээрээ зөвлөлдөж байж авах ёстой шүү дээ. Тэгэхээр сайн судалж байгаад аль болох амьтан тэжээж халуун дулаан уур амьсгалтай байвал гоё шүү гэж хэлмээр байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

- Намайг урьд оролцуулсан iSee.mn сайтын хамт олон та бүгдэд баярлалаа.