Т.Аюурсайхан: Сайн дураар болон албан журмаар даатгалд хамрагдсан бүх хүний тэтгэвэр жил бүр нэмэгдэх нөхцөл бүрдэнэ

Т.Аюурсайхан: Сайн дураар болон албан журмаар даатгалд хамрагдсан бүх хүний тэтгэвэр жил бүр нэмэгдэх нөхцөл бүрдэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.01.12/ хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Сайн дураар тэтгэвэр төлж байгаа иргэдийн тэтгэвэр нэмэгдэх үү, буурах уу гэдэг асуудалд ажлын хэсэг тодорхой хариулт өгөөч. Мөн нэрийн дансыг мөнгөжүүлэх асуудал 24 их наядын бичилттэй явж байгаа. Энийг ойролцоогоор ажил олгогчоос, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөс нэг нэг хувиар аваад явбал жилдээ 300 орчим тэрбумын төлөлт орно. 24 их наяд цааш үргэлжлээд явбал 300 тэрбумаар бодвол 80 жил орчим тэгэхээр энэ  бүтэхгүй. Тэгэхээр энийг 1995 оноос өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ хүмүүс төлж л байсан шүү дээ. Тэр мөнгийг хэн төлөх ёстой юм бэ. Энэ асуудалд Сангийн яам, ЗГ-тайгаа ойлголцсон бусад эх үүсвэр гэж ярьсан юм байна уу. Нэрийн дансыг мөнгөжүүлж байж л асуудал шийдэгдэхээр харагдаад байна шүү дээ. Малчдын тэтгэвэр, ногоочдын тэтгэвэр гээд хөдөө аж ахуйн салбарт ажилдагсдад тэтгэврийн асуудал хүнд байгаа. Эд нар маань олон жил ажилтай, ажилгүй явж ирсэн. Нийгмийн даатгалын шимтгэл, төлөлт хамрагдалт маш багатай хүмүүс. Малчид дээр бодлого баримтална гэж ярьж байна. Бусад хөдөө аж ахуйн салбарын ажиллагсад дээр ямар бодлого явах вэ. Тэтгэврийн зээлийн журмыг хэлээч. Журам байгаа юу. Хөдөө орон нутагт явж байхад Хаан банк, Төрийн банкнаас зургаан сараас илүү тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй явж байсан. Сүүлдээ бүр тавиад туучихсан. Зээлийн бүртгэл харахаар нийт тэтгэвэр авагчийн бараг 40 хувь нь 500 тэрбум төгрөгийн зээлтэй харагдаад байна. Хөдөлмөрийн дэвтэр гэж ярьдаг байсан. Энийг бид цахимжсан гэж ойлгож байгаа. Энэ цахимжилт хэдэн хувьтай байна. Иргэдтэй уулзалт хийхэд нэг газар ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгоод өөр газар шилжиж очоод тэтгэврээ шилжүүлэх асуудал ярихаар нөгөө газар дээрээ оч гэдэг. Цахимжилт үнэн бол ийм чирэгдэл гармааргүй л юм. Энэ асуудлыг цэгцэлж өгөөч. Мөн насаараа нийгмийн даатгал төлөөд тэтгэврээ авч чадахгүй нас барах тохиолдол байгаа энэ дээр ямар зохицуулалт хийх вэ" гэлээ. 

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Т.Аюурсайхан "Сайн дураар болон албан журмаар даатгалд хамрагдсан бүх хүний тэтгэвэр нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Үнийн өсөлттэй уялдуулан жил болгон нэгдүгээр улиралдаа багтааж сайн дурын албан журмын бүх шимтгэл төлөгчдийн хувьд тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэнэ. Мөн 2019 оноос эхлэн 6, 7 жилээр тэтгэврийн дунджийг тооцсон. 2019-2022 оны хугацаанд илүү багаар тогтоогдсон зайлшгүй залруулах шаардлагатай 48 мянга орчим хүмүүст 60.4 тэрбум төгрөгийг нөхөж олгох тооцоо хийсэн. 2023 онд мөн 20 орчим тэрбум төгрөгийг нэмж санхүүжүүлэх тооцоо хийсэн. Бид үе шаттайгаар 24 их наядын хэмжээнд нэрийн данс хийсвэрээр бичигдсэн. Бид энэ нэрийн дансыг мөнгөжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ хуримтлалын данс бий болгож, байгалийн баялгаар санхүүжүүлэх ажлыг хийх тооцоолол хийсэн. Бодит тоотой. Бодит хуримтлал бий болгоно" гэв.