Энэ сарын 15-ны өдрөөс /2023.02.15/ 80 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй олгох аж. Тодруулбал, иргэд гэрлэлтийн бүртгэлийн, цагдаагийн газрын зэрэг 80 гаруй лавлагааг авахдаа 250-2500 төгрөг төлдөг.
Ингэхдээ төлбөрийг заавал банканд тушааж баримтыг хавсаргадаг. Тэгвэл тус төлбөрийг энэ сарын 15-ны өдрөөс болиулж байна. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Иргэн зөвшөөрсөн тохиолдолд лавлагааг татаж авсан бол үнэ төлбөргүй болгох ёстой" гэсэн юм.
Мөн Ерөнхий сайдын захирамжаар бүх яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж ирэх долдугаар сарын 01-ны өдөр гэхэд бизнес эрхлэхэд шаардлагатай 300 гаруй тусгай зөвшөөрлийг хүний оролцоогүй цахимаар олгодог болгохоор ажиллаж эхэлжээ.