Монгол Улсын Эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа БНТУ-ын Хатая муж нь Сири улсаас 30 км-ын зайтай.
Тус хот нь хоёр сая гаруй хүн амтай. Газар хөдлөлтийн улмаас нийт барилгын 90 орчим хувь нь нурсан. Эрэн хайх, аврах баг Хатая мужийн Онцгой байдлын албаны зааж өгсөн барилгын нурангид ажиллаж, амьд үлдсэн хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. Харин эмнэлгийн баг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хээрийн эмнэлгийг байгуулж, одоогоор 89 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа бөгөөд ачаалал ихтэй ажиллаж байна. Эдгээрээс ясны хугаралтай 31 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бол 15 хүнд өвчин намдаах, 5 хүнд шингэн сэлбэх эмчилгээ хийж, 4 мэс ажилбар хийсэн байна.Монголын аврах баг өчигдрийн /2023.02.11/ байдлаар 14 цогцос гарган, 8 иргэнийг эсэн мэнд авраад байна.