ААЛЗ СУДЛААЧ Ж.Очирхуяг: Хүмүүсийн айдаг зүйлийг цуглуулж, судална гэхээр сонирхолтой санагдсан /ВИДЕО/

ААЛЗ СУДЛААЧ Ж.Очирхуяг: Хүмүүсийн айдаг зүйлийг цуглуулж, судална гэхээр сонирхолтой санагдсан /ВИДЕО/

Байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах томоохон хүчин зүйлийн нэг нь зэрлэг ан амьтан. Тэр дундаа шавж төрөлтөн томоохон нөлөө үзүүлж байдгийг бид төдийлөн мэддэггүй. Иймд бид энэ удаагийн Social ID буландаа Монголын цор ганц аалз судлаач, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн Экологич Жаргалсайханы Очирхуягийг онцлон ярилцав.

Түүний хувьд энэ чиглэлээр Монгол Улсад эрдмийн зэрэг хамгаалсан дөрвөн аалз судлаачийн үргэлжлэл болж энэ төрөл зүйлийн судалгааг хийхийн зэрэгцээ дэлхийд байхгүй шинэ төрөл зүйл нээнэ ажиллаж буй юм. Тэрбээр 2021 онд сургуулиа төгсөж Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвд ажиллаж өдгөө 250 гаруй зүйлийн аалзыг тодорхойлон судалж, 50 мянга гаруй аалзыг олж хадгалжээ. Энэ талаар ярихдаа "айдаг амьтнаа судалж ямар хөөрөн гэдгийг нь олж нээсэн. Монголчууд аалз байвал алж бай гэдэг ч энэ амьтан нь хүнд хор хөнөөлгүй байгалийн хортон шавжийг устгах томоохон хүчин зүйл болж оршин байдаг өхөөрдөм амьтан" хэмээсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч, уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Очирхуяг гэдэг. Би Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологичоор ажилладаг.

-Аалз судлаачаар ажиллаж хэзээнээс ажиллаж эхэлсэн талаар яриагаа эхэлье?

-2021 онд МУИС-ийг Экологийн хөтөлбөрөөр төгссөн. Экологиор суралцах явцдаа аалзаар илүү нарийн мэргэшиж аалзны үе хөлтний экологи чиглэлээр түлхүү судалгаа хийж ажиллаж байгаа. Аалзны судалгааг сонирхож эхлээд таван жил болж байна.

-Яагаад аалз судлаач мэргэжлийг сонгосон бэ? 

-Би аалзнаас маш их айдаг байсан. Тэгээд айдастайгаа нүүр тулсан гэх юм уу. Нүүр тулаад айдаг байсан зүйлээ урт хугацаа өнгөрсний дараа ямар хөөрхөн амьтад вэ гэдгийг нь олж нээсэн. Маш сонирхолтой санагдсан. Аалз судлаач гэхээр бас содон шүү дээ. Тиймээ. Бусад мэргэжил, сонирхлоос ялгарч явдаг. Хүмүүсийн айдаг зүйлийг судална гэдэг чинь бас онцгой байдаг. Дээрээс нь Монгол оронд аалз судлаачийн хэрэгцээ маш өндөр байсан. Энэ нь бас нэг шалтгаан болж өгсөн.

-Таны хувьд таван жилийн хугацаанд хэдэн төрөл зүйлийн аалз судалсан бэ?

-Монгол оронд албан бус тоогоор 600 орчим зүйл аалз байдаг. Үүнээс би 250 орчим зүйлийг нь өөрөө яг цуглуулж бариад тодорхойлж үзсэн.

-Судалгаа хийж байснаас аалзнуудаасаа онцлон дурдвал?

-Яг онцлох аалз гэх юм бол 2021 оны намар Өмнөговь аймгаас Монгол оронд шинэ овог буюу монголд нийт бүртгэгдсэн 24 байдаг. Түүн дээр нэмээд шинэ аалзны овог буюу Eresidae овгийг шинээр олж, тодорхойлж нээсэн.

-Судалгааны ажил хэрхэн явагддаг вэ. Мөн хэдэн аалз барьж судлав?

-Яг хээрийн нөхцөлд системтэй судалгаа хийж байхад буюу түүвэр түүж байхад аалзыг амьдаар нь барих ямар ч боломжгүй. Тэр дор нь үхүүлээд аль болох шинээр нь хадгалах нь тэргүүний зорилго байдаг. Тэгэхээр ямар ч байсан системтэй цуглуулж байгаа тохиолдолд алах нь байна. Тэр дор нь уусмалд хийгээд хадгалах нь байна. Энэ маягаар цуглуулсан аалзны маань бодгалийн тоо 50 мянга орчим хангалттай давна. Бид одоогоор аалзаар дамжуулан экосистемийг төлөөлүүлж индикатор болгож ашиглах судалгаа хийж байгаа.

-Аалзны амьдрах хугацааны хувьд. Монгол орон хуурай сэрүүн учир арай бага насалдаг гэж сонссон?

-Амьдрах хугацаа нь нэг жил орчим байдаг. Нэг жилийн хугацаанд өсөж том болоод үр төлөө үлдээгээд үхдэг гэсэн үг. Зарим тохиолдолд аалзнууд үржилд ороогүй үлдсэн аалзнууд дахин өвөлжиж хоёр жил амьдрах боломж байна. Хоёроос дээш жил амьдрах аалз Монголд байхгүй.

-Тэгэхээр гэрийн нөхцөлд тэжээж буй аалз арай удаан наслах боломжтой гэсэн үг үү. Аюулгүй, стрессгүй шүү дээ.

-Тиймээ. Жишээлбэл, миний ажил дээрээ тэжээж буй нэг аалз бий. Энэхүү аалз нь Монголчуудын сайн мэддэг "Цагаан тэмээн" аалз гэдэг. Маш том биетэй. Энэхүү бодгалийг Ховд аймгаас авчирсан. Найман сараас хойш бид тэжээгээд явж байгаа. Тэгэхээр үндсэндээ оффис дээрээ зургаан сар орчим тэжээж байна гэсэн үг. Яг амьдрал дээрээ амьдрах мөчлөг нь бол өвөл, намар болоход үхчих байсан. Халуун арай тохитой орчинд тэжээж байгаа учраас амьдрах наснаасаа хамаагүй урт наслаад явж байгаа аалз байна.

-Хооллолтын хувьд?

-Монгол оронд байгаа бүх аалз махчин хооллолттой. Тэгэхээр өт бусад шавж мөн өөрийн төрлөөр хооллодог.

-Аалз нэг удаа өндөглөхдөө дунджаар хэдэн өндөг гаргадаг вэ?

-Аалзнууд өндөглөхдөө төрөл зүйлээсээ хамаараад янз бүр байдаг. Монголчуудын сайн мэддэг цагаан тэмээн аалз гэж байдаг. Чонон аалзны овгийн аалз. Энэхүү аалз маань үндсэндээ 250-400 орчим өндөг гаргаж түүнийгээ бойжуулдаг. Тэндээс нь мэдээж бүгд амьдрах боломжгүй 200-300 нь амьдардаг. Энэ бол дундаж тоо. Тэгээд аалзны төрөл зүйл болгоноос хамаараад янз бүр зарим нь мянга гаруй. Зарим нь ердөө 20-30 нь өндөг гаргадаг ч байна. Энэ бол төрөл зүйлээсээ хамаараад харилцан адилгүй байдаг.

-Хүмүүс сонирхож байгаа байх. Монголд хортой аалз байгаа юу?

-Яг хэлэхэд бүх зүйлийн аалз хортой байдаг. Гэхдээ тухайн хор нь биеийн хэмжээнээс хамаараад хорны үйлчлэх шинж нь янз бүр байдаг. Жишээ нь жижиг шавждаа үйлчлэх хор нь хангалттай саажуулах хэмжээний байхад тэр нь хүнд ирэхээрээ буюу хүнийг хазлаа гэж бодоход төдийлөн аюултай, хортой нөлөө үзүүлэх боломжгүй. Гэхдээ дэлхий дээр байгаа маш хортой нэг аалз байдаг Black widow гэдэг. Энэ аалзны хуурамч Pseudo black widow гээд зүйл нь Монголд байгаа. Тэр аалзанд хазуулаад олон хазуулсны улмаас нас барсан тохиолдол байдаг.

-Монголчууд муу ёр аалз харвал ал гэдэг шүү дээ. Тэгвэл аалз нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ямар үүрэгтэй вэ?

-Монголчууд аалзыг харвал ал гэдэг. Надад бол маш утгагүй санагддаг. Яагаад гэвэл аалз өөрөө байгаль дээрээ хөнөөлт шавжийн хязгаарлагч хүчин зүйл болж байдаг. Одоо бидний дугуй шумуулыг байгаль дээр маш том хязгаарлагч хүчин зүйл нь аалз байдаг. Мөн бусад хортон шавж, хөнөөлт шавжуудыг тоо толгойг цөөлж байдаг. Хянаж барьж байдаг бүлэн организм маань аалз. Тэгэхээр аалз байна гэдэг нь өөрөө байгаль болон байгалийн экологийн тэнцвэрт байдалд маш хэрэгтэй зүйл. Дээрээс нь эд нар маань бидэнд хор хөнөөл учруулах ямар ч чадамжгүй организм. Хүмүүсийн айдас л юм даа. Харахад эвгүй харагддаг шүү дээ. Яг үнэндээ сайн хараад, ойлгож судлаад эхлэх юм бол энэ чинь аягүй хөөрхөн амьтад.

-Яриан дундаа хэд хэдэн удаа аалзыг хөөрхөн гэлээ. Таны хувьд хамгийн хөөрхөн гэж боддог аалз нь ямар аалз вэ?

-Бүх аалз дундаас хамгийн хөөрхөн гэх юм бол бүх судлаачид санал нэгтэйгээр нэг овгийг хэлэх байх энэ овог нь Salticidae буюу Jumping spiderМонголоор үсэрдэг аалз гэж байгаа. Энэ аалзны овог хамгийн өхөөрдөм яагаад гэвэл нүдний хэлбэр нь яг хүнийхтэй адилхан. Нэг хавтгай дээр байрладаг гэсэн үг. Маш том хүний нүүрний хэлбэрийг санагдуулам. Хойд голийн нүднүүд нь маш том хэмжээтэй энэ нь маш хөөрхөн харагдуулдаг. Маг өхөөрдөм харагддаг. Хүн болгон санал нийлнэ энэ дээр. Та бүхэнд харах боломж олдох юм бол мэдэх байх аа.

-Монголд байгаа хамгийн том аалз юу вэ. Хэдэн см урт байдаг вэ?

-Монголд байгаа хамгийн том аалз Lycosa singoriensis гэдэг. Хамгийн томдоо 4 см гаруй урттай болдог ийм аалз байгаа. Хүмүүс тарантула их тэжээдэг. Гоё гоё өнгөтэй. Гоё үстэй том аалзнууд байдаг. Эдгээр нь болохоор хуурамч тарантула гэж яригддаг. Харин энэхүү аалзны хувьд Lycosa singoriensis буюу "Цагаан тэмээ" аалз маань хуучин ертөнцийн жинхэнэ тарантула буюу байгаль дээр анх үүссэн таратулагийн өвөг дээдсийн үлдэж хоцорсон төрөл зүйл гэж хэлж болно. Энэ бол Монголд байгаа хамгийн том зүйлийн аалз.

-Монголд хэдэн аалз судлаач ажиллаж байна?

-Яг Монгол оронд идэвхтэй аалз судлалаараа ажиллаж байгаа хүн гэх юм бол одоогоор би ганцаараа байгаа. Харин миний өмнө эрдмийн зэргээ хамгаалсан дөрвөн судлаач байдаг. Би одоо тав дах аалз судлаад явж байгаа хүн гэж хэлж болно. Гэхдээ яг одоогоор идэвхтэй яг үүнийг мэргэжил болгоо ажиллаад явж байгаа хүн гэвэл би ганцаараа юм болов уу гэж бодож байна даа. Миний мэдэхгүй хүн бас байж магадгүй.

-Аалз судлаач гэхээр гэрийнхэн болон ойр дотны хүмүүс нь яаж хүлээж авдаг вэ. Монгол Улсад төдийлөн сайн хөгжөөгүй хүмүүс мэддэггүй мэргэжил шүү дээ.

-Мэдээж сайхан хүлээж аваагүй. Манай ээж бол одоо ч дургүй. Ер нь нэг тийм арвайж, сарвайсан шавж аалзанд дургүй. Тэгээд миний өрөөнд орж ирэхээс айдаг. Би чинь өрөөндөө аалзны дээжүүдээ ил тавина. Аалзны зургуудаа ханан дээрээ өлгөнө. Тэгээд аалзны чихмэл тоглоом цуглуулах дуртай. Тэгэхээр гэрийнхэн ер нь жоохон жийрхдэг одоо хүртэл. Ер нь дасдаггүй юм байна лээ. Гэхдээ удахгүй дасна гэж найдаж байгаа.

-Аалз сонирхдог, судлаач болох хүсэлтэй хүмүүс байвал танаас зөвлөгөө мэдээлэл авч болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Би нээлттэй хүлээж авна. Яагаад гэвэл Монгол оронд аалз судалдаг хүн ийм цөөхөн. Аалз судалдаг хүн бүр ч цөөхөн байх. Тэгэхээр эдгээр сонирхолтой хүмүүс маань нийлж, санал бодлоо хуваалцаж байвал маш сайхан. Дээрээс нь ирээдүйд аалз судлах сонирхолтой залуу оюутан залуус, арван жилийн хүүхдүүд байвал надтай холбогдож зөвлөгөө авч болно. Магадгүй би эхнээс зааж сургаад цааш нь аалз судлахад нь дэм болох бүрэн боломж байгаа.

-Бидэнтэй ярилцаж сонирхолтой мэдээлэл хүргэсэн танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.




Өнөөдөр үхэр өдөр

10 минутын өмнө