“Англи хэлийг хуульчилна" гэх асуудал УИХ-ын гишүүдийн хэн нь Оросын тал, хэн нь Монголын тал вэ гэдгийг хэлээд өглөө

“Англи хэлийг хуульчилна" гэх асуудал УИХ-ын гишүүдийн хэн нь Оросын тал, хэн нь Монголын тал вэ гэдгийг хэлээд өглөө

УИХ-аар хэлэлцэгдэж буй Боловсролын ерөнхий хуулийн төсөлд “Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл” хэмээн хуульчилж, Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-д бага ангиас нь эхлэн заадаг болох гэж байгаа нь энэ долоо хоногийн онцлох нэг сэдэв байлаа. Учир нь өнөөдөр шинжлэх ухааны судалгааны 80 хувь нь англи хэл дээр хэвлэгдэж байна.

Харин “англи хэл сурахын тулд мөнгө төлдөг” цөөн орны тоонд монгол ордог. Учир нь улсын чанартай ЕБС-д англи хэлийг дунд ангиас нь заадаг тул тус сургуулийг төгсөгчид гадаадын их дээд сургууль тэнцэх нь бага байна. Харин хувийн ЕБС-д бага ангиас нь англи хэлийг зааж байгаа тул төгсөгчид нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэж, тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж буй. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдээ англи хэлтэй болгохын тулд өндөр үнэ төлж, хувийн сургуульд сургадаг гэж болно.

-“АНГЛИ ХЭЛИЙГ СУДЛАХ ҮНДСЭН ГАДААД ХЭЛ” ХЭМЭЭН ХУУЛЬЧИЛНА ГЭСЭНД ОРОСУУД БУХИМДАЖ, “ШАТАХУУНАА ӨНДӨР ҮНЭЭР АВААРАЙ” ГЭСЭН ҮҮ-

Харин иргэдийн дийлэнх олонх нь тус хуулийн төслийг дэмжиж байхад зарим УИХ-ын гишүүд эрс эсэргүүцэж, “оросын боловсролын стандартыг өөрчилж болохгүй” гэх хачин үгийг хэлж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Манай улсад Оросоос үлдсэн элит сургалтын тогтолцоо хамгийн сайн нь. Үүний агуулга, стандартыг өөрчилж болохгүй” гэж мэдэгдсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн гэж болно. Үнэндээ Ц.Даваасүрэнгийн яриад байгаа Оросын элит сургалт гээч нь багш төвтэй, үг үсэггүй цээжлүүлж, програмчлах гэж оролддог, сайн муугаар нь ялгаж харьцдаг, дүнгийн хойноос хөөцөлдүүлж, уралдуулдаг л систем юм.

Мөн УИХ-ын гишүүн, “Мишээл” худалдааны төвийн эзэн Б.Энх-Амгалан “Монгол хүн бүр англи хэл сурах албатай юм уу” гэж мэдэгдсэн. Гэтэл тэрээр жил бүр "Орос хэлний баяр"гэгчийг РЦНК буюу Оросын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран 2021, 2022 онуудад Говь-Алтай, Ховд аймагт зохион байгуулсан байгаа юм. Энэ нь түүнийг монголын төрд оросын бодлогыг хэрэгжүүлэгч үү гэх хардлага төрж байгаа юм.

Б.Энх-Амгалан жил бүр ОХУ-ын талтай хамтарч "Орос хэлний баяр" гэгчийг Говь-Алтай, Ховд аймагт зохион байгуулдаг байна

Тэдний дараа УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн, “Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлнө. Үүнийг заавал хуульд албан ёсны болгож ерөөсөө болохгүй. Энэ заалтыг болж өгвөл хасчих хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдлийг зарим иргэд оросоос айлаа гэж дүгнэсэн юм. Учир нь Боловсролын ерөнхий хуульд хуулийн төсөлд “Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл” хэмээн оруулж байгаа мэдсэн ОХУ-ын нэгэн элчин сайд асан манай төрийн алба хаагчдад шахалт, дарамт үзүүлж улмаар “шатахуунаа өндөр үнээр аваарай” хэмээн дарамталсан байж ч болзошгүй байгаа юм.

-ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ ДАРАА ЕБС-Д АНГЛИ ХЭЛИЙГ ГУРАВДУГААР АНГИАС НЬ ЗААЖ ЭХЭЛНЭ-

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд, Г.Дамдинням, Ч.Ундрам нар “хэл соёлгүй болно” зэрэг тэдний пропангадад оновчтой хариулт өгч, англи хэлийг хуульчилж, улсын, хувийн ЕБС-ийн сурагчид тэгш сурах боломжоор хангаж, гадаад хэл дээр мэдээлэл олж авах, их дээд сургуульд суралцах ёстой гэдгийг үндэслэлтэй тайлбарлаж байлаа.

Харин БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “хууль батлагдсаны дараа ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж англи хэлийг гуравдугаар ангиас, мэдээлэл технологийн хичээлийг нэгдүгээр ангиас заана” гэж мэдэгдсэн юм. Англи хэлийг хуульчилж, ЕБС-ийн сурагчдад жигд заана гэдгээс магадгүй айж буй УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд, “дэлхий дээрх хүмүүсийг боловсролтой, боловсролгүй “мулгуу” л гэж хуваана. Үнэндээ монголчууд хөгжиж урагшилъя гэхээр айдаст автуулж, гацаах бодлого хэрэгжүүлж байна уу гэж та бүхнээс асуумаар байгаа юм. Харин УИХ дахь АН-ын бүлэг тус хуулийн төсөл дээр тав хоногийн завсарлага аваад байна.