БНХАУ эрс эсэргүүцэж, цаашид хариу тусгал өгөх болно гэж мэдэгджээ

БНХАУ эрс эсэргүүцэж, цаашид хариу тусгал өгөх болно гэж мэдэгджээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим "2019 оны Уйгарын хүний эрхийн бодлогын хуулийн төсөл"-ийг баталсан байна. Харин энэ сарын 4-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин мэдэгдэл хийж, “Хятадын тал үүнд маш их хилэгнэж, эрс эсэргүүцэж байна, нөхцөл байдлын хөгжлийн дагуу цаашид хариу тусгал өгөх болно гэжээ.

Мөн тэрээр "Уг хуулийн төсөл нь Хятадын Шинжяны хүний эрхийн байдлыг санаатайгаар гүтгэж, хэт даврагч үзлийг арилгах болон терроризмд цохилт өгөх гэсэн Хятадын хүчин чармайлтыг ихээр гутааж, Хятадын засгийн газраас Шинжянд хэрэгжүүлж буй бодлогыг хорон санаатайгаар дайрч, олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн дүрмийг ноцтой зөрчиж, Хятадын дотоод засагт ноцтой халдсан байна. Хятадын тал үүнд маш их хилэгнэж, эрс эсэргүүцэж байна" гэжээ.

Учир нь Хятадын эрх баригчид Шинжааны иргэдэд улс төрийн боловсрол олгох нэрээр баривчлан хорьж, эрүүдэн шийтгэж байгаа явдлыг эсэргүүцсэн дэлхийн 22 улс өнгөрсөн Долдугаар сард НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хандан захидал бичсэн байдаг. Нийтдээ 2 сая хүртэл тооны уйгар голдуу үндэстнүүдийг ийм шалтгаанаар хорьж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Бээжингийн засаг захиргаа уг ажиллагаа нь терроризм, Исламын экстремист үзэлтэй тэмцэж буй арга хэмжээ бөгөөд хүний эрхийг зөрчсөн явдал байхгүй гэж тайлбарладаг. Шинжаан дахь Бээжингийн бодлогыг шүүмжилсэн захидалд өрнөд Европын орнууд, Канад, Япон, Австрали. Шинэ Зеланд нэгдсэн юм.

Энэ нь анх удаа дэлхийн улс орнууд Хятадын бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөнд олноороо нэгдсэн явдал байв.

Тэгвэл Баасан гарагт дэлхийн өөр 37 улс мөн НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хандаж захидал бичсэн байна. Тэд Хятад улсыг хүний эрхийг хамгаалах үйлсэд гарамгай амжилт гаргаж байгааг нь магтан сайшаажээ. Эдгээр 37 улсад ОХУ, Венесуэль, Умард Солонгос, Мьянмар, Куба, Туркменистан, Филиппин, Пакистан, Саудын Араб, Сири болон Африк тивийн олон орон нэгдсэн байна.

Хятад улс Шинжааны бүс нутагт гадаадын сэтгүүлчид, дипломат ажилтнуудыг нэвтрүүлэхдээ хатуу шалгуур нөхцөл тавьж байгаа. НҮБ-ын зарим албаны хүмүүс Шинжааны хорих ангиудад олон улсын тусгай төлөөлөгчдийг нэвтрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалаад байсан юм.