Онгоцны ослын улмаас сураггүй болсон дөрвөн хүүхдийг 40 хоногийн дараа ширэнгэн ойгоос эсэн мэнд олжээ

Онгоцны ослын улмаас сураггүй болсон дөрвөн хүүхдийг 40 хоногийн дараа ширэнгэн ойгоос эсэн мэнд олжээ

Колумб улсын Какета болон Гуавиаре мужуудын хилийн ойролцоо тавдугаар сарын 1-нд жижиг онгоц осолдсон хэрэг гарсан. Ослоос хойш 40 хоногийн дараа буюу өнгөрсөн Баасан гаригт /2023.06.09/ ширэнгэн ойгоос дөрвөн хүүхдийг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, "Cessna 206″ онгоц тавдугаар сарын 1-ний үүрээр Амазонас мужийн Араракуара болон Гуавиаре мужийн Сан Хосе дель Гуавиаре хотын хооронд долоо хүн тээвэрлэж явах үед хөдөлгүүрийн эвдрэлийн улмаас нисгэгч тэргүүтэй гурван том хүн нас барсан бөгөөд 4, 9, 13 настай болон ой арай хүрээгүй дөрвөн хүүхэд олдоогүй байсан юм.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт цэргийнхэн хүүхдүүдийг олж, бямба гаригийн өглөө нийслэл Боготад авчирсан байна.  Хүүхдүүд тус нутгийн уугуул учир ширэнгэн ойд хэрхэн амьд үлдэх талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байсан тул жимс идэж, ширэнгэн ойн ургамлаар хоргодох байр хийн амь зууж байжээ.

Тус хүүхдүүдийг эрэх хайх ажиллагааг "Найдвар ажиллагаа" хэмээн нэрлэсэн бөгөөд Колумбын арми, агаарын цэргийн хүчний онгоц, нисдэг тэргээр хайж байсан. Хүмүүс тус үйл явдлыг гайхамшиг гэж нэрлэж байна.

Эх сурвалж: AL JAZEERA




Өнөөдөр туулай өдөр

44 минутын өмнө