Японы Засгийн газар төрөлтийг дэмжих бодлого баталж, гурваас дээш хүүхэдтэй бүх өрхөд сар тутам 30 мянган иен өгөхөөр шийдвэрлэжээ

Японы Засгийн газар төрөлтийг дэмжих бодлого баталж, гурваас дээш хүүхэдтэй бүх өрхөд сар тутам 30 мянган иен өгөхөөр шийдвэрлэжээ

Японд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо сүүлийн 7 жил дараалан буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Тиймээс тус улсын сайд нарын танхим эцэг эхчүүдэд санхүүгийн нэмэлт дэмжлэг үзүүлж, хүүхэд асрах чөлөө олголтыг хөнгөвчилснөөр төрөлт нэмэгдэх найдлага тавьж буй аж.

Японы сайд нарын танхим дээрх асуудлыг шийдвэрлэх зорилготой хэд хэдэн арга хэмжээг өчигдөр /2023.06.14/ баталжээ. Ерөнхий сайд Фумио Кишида хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Японд төрөлт хурдацтай багасаж, хүн амын тоо буурч байна. Энэ чиг хандлагыг одоо л зогсоохгүй бол, манай улсын эдийн засаг, нийгмийн үзүүлэлт буурч, тэтгэвэр, эмнэлгийн үйлчилгээ, асаргаа сувилгаа зэрэг нийгмийн хангамжийн систем доголдож, хүн амд дэмжлэг үзүүлэхэд бэрхшээлтэй болно” гэжээ.

Төрөлт буурч байгаагийн үндсэн гол хүчин зүйл нь залуучуудын орлогоос шалтгаалж буйг мөн онцолжээ. Тэрбээр залуучуудын орлогыг өсгөхийн төлөө боломжтой бүхнийг хийж, эдийн засгийн өсөлтөд дэм болох бодлогоо үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Улмаар Японы засгийн газар дараагийн гурван жилийн туршид энэ асуудалд төвлөрч жил тутам 25 тэрбум орчим доллар зарцуулах бодолтой байна. Энэ хүрээнд хүүхэд төрүүлж өсгөж байгаа гэр бүлүүдэд улсаас тэтгэмж олгохдоо орлогын хязгаар тавьдаг байдлыг үгүй болгож, дунд сургуулийн ахлах анги хүртэлх бүх хүүхдийг хамрахаар болж байна. Гурваас дээш хүүхэдтэй бүх өрхөд сар тутам 30 мянган иен буюу 215 орчим ам.долларын тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Мөн дундаас дээших боловсролын зардалд учирдаг дарамтыг бууруулахын тулд тэтгэлэг авах эсвэл төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах эрхийг өргөжүүлэх юм. Эдгээр болон бусад арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд засгийн газар нийгмийн хангамжийн зардлыг шинэчлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талын бүх асуудлыг нарийвчлан шийдэж, санхүүжилтийн схемийг тодорхойлох ажлыг Засгийн газар энэ ондоо багтааж дуусгах төлөвлөгөөтэй байна.