Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр /2023.06.21/ хуралдаж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны төлөвлөгөө болон сайжруулсан шахмал түлшний чанар эрсдэлийн талаар цаг үеийн мэдээлэл сонсов.
-АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ХОРОО НЬ 2022 ОНД 43 ТЭРБУМЫГ ЗАРСАН Ч ҮР ДҮНГҮЙ АЖИЛЛАЖЭЭ-
Уг тайлангаас харвал Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь 2022 онд 43.66 тэрбум төгрөгийн 49 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласнаас 26.1 тэрбум төгрөгийн санхүүгийн гүйцэтгэл гаргаж, 58.8 хувийн биелэлттэй ажилласан байна. Өөрөөр хэлбэл, 43 тэрбумын санхүүжилтийг төсөвлүүлсэн ч үнийн дүндээ дүйцэхүйц ажлыг хийгээгүй нь өнгөрсөн өвлийн утаа, угаарын хийд угаартаж нас барсан хүмүүсийн тоо илэрхийлж байгаа юм. Үүнийг зарим гишүүд шүүмжилж, өчигдрийн хурлын үеэр анхааруулж байлаа.
Харин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2023 онд утаа, орчны бохирдлыг бууруулахын тулд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн талаараа тайландаа дурдсан байна.
Тодруулбал,
- 15 тэрбумаар 5012 айл өрхийг 4кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх
- 459.7 сая төгрөгөөр Агаарын чанарыг сайжруулах бүсэд хяналт шалгалт хийх ажилд дэмжлэг үзүүлэх
- 272.5 сая төгрөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг баяжуулах туршилт хийх
- Шахмал түлш болон хагас коксын үйлдвэрүүдтэй танилцаж бүтээгдэхүүн болон түүхий эдийн туршилтын судалгааг хийх
- 1 тэрбум төгрөгөөр төсөвт өртөгтэй Ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлэх
- Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн асуудлаар Япон Улсын Байгаль орчны яамтай хамтарч ажиллаж байна.
- ДЭМБ, АНУ-ын ЭСЯ-тай хамтран агаарын бохирдол бууруулах чиглэлээр АНУ-ын Вашингтоны их сургууль болон бусад байгууллагуудаас экспертүүдийг урьж ажиллуулах ажлыг зохион байгуулахаас гадна “НАСА”-тай холбогдож агаарын чанарыг хиймэл дагуулаас хянах ажлыг гүйцэтгэх ажлыг үргэлжлүүлнэ.
- Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр халаалтын асуудлаа шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа.
- Түүнчлэн зуухыг сайжруулах, хэрэглэгчийн худалдан авах чадварт нийцсэн газ буюу хийн түлш нийлүүлэх тал дээр ажиллана.
Дашрамд дурдахад, Үндэсний хороо нь 21 хүний бүрэлдэхүүнтэй, зургаан сайд, дөрвөн дэд сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, дөрвөн ахлах зөвлөх, зургаан газар нэгжийн даргаас бүрдсэн бөгөөд хорооны даргаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, орлогч даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ажиллаж байна. Эх сурвалж: Parliament.mn