БНХАУ-ын Бээжин хотод 40 градус давж халжээ

БНХАУ-ын Бээжин хотод 40 градус давж халжээ

Хятадын нийслэл Бээжин хотод өнөөдөр агаарын температур 2014 оноос хойш анх удаа 40 хэм давж, орчин үеийн цаг уурын мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойш зургаадугаар сард тохиосон хамгийн халуун өдөр болж бүртгэгджээ.

Тодруулбал, Бээжингийн өмнөд хэсгийн цаг уурын станцад 14:30 цагийн орчимд 40.7 хэм бүртгэгдсэн талаар тус хотын Цаг уурын товчооноос мэдээлсэн байна. Ингэснээр 2014 оны тавдугаар сарын 29-нөөс хойш анх удаа 40 хэм давж халжээ.

Пүрэв гаргийн өглөө 22 сая орчим оршин суугчтай хотод хэт халах үзэгдэлтэй холбогдуулан улбар шар өнгийн сэрэмжлүүлэг гаргаж, пүрэв гаргаас бямба гаргийн хооронд хотын ихэнх хэсэгт 39 хэмд хүрч халахыг сэрэмжлүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньдун зэрэг Хятадын хойд болон зүүн нутагт хэт халсны улмаас орон нутгийн эрх баригчид тариалангаа хамгаалах, жуулчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг эрчимтэй авч, өдрийн хамгийн халуун үед гадаа хийх ажлыг түр зогсооход хүрчээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Үндэсний цаг уурын товчоо Хятадын хойд нутгийн хотуудад зургаадугаар сарын агаарын температурын дээд үзүүлэлтүүд шинэчлэгдэж байгаатай холбогдуулан наранд цохиулахаас сэргийлэх сэрэмжлүүлгийг өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад ойролцоогоор 14 долоо хоногийн өмнө гаргасан байна.