Стокгольм хот дахь "Grona Lund" паркад "галзуу хулгана" замаасаа гарч, нэг хүн нас барж, есөн хүн гэмтжээ

Стокгольм хот дахь "Grona Lund" паркад "галзуу хулгана" замаасаа гарч, нэг хүн нас барж, есөн хүн гэмтжээ

Шведийн Стокгольм хот дахь "Grona Lund" паркад "галзуу хулгана" замаасаа гарснаар нэг хүн нас барж, есөн хүн бэртэж гэмтсэн хэрэг гарчээ.  

Тодруулбал, Өчигдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 25-ны өдөр "Jetline" галзуу хулгана гэх тоглоом замаасаа гарснаар нэг хүн нас барж, есөн хүн бэртэж гэмтсэн байна. Аврах багийнхан галзуу хулганын бүхээг дотор гацсан зорчигчдыг аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж. Уг осолтой холбоотойгоор паркийн үйл ажиллагааг долоо хоногоор түр зогсоожээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт бусдын бие махбодид гэмтэл учруулсан, амь насанд аюул учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

"Grona Lund" паркийн гүйцэтгэх захирал Ян Эриксоны мэдэгдсэнээр, "Галзуу хулганын урд хэсэг замаасаа гарч, 6-8 метрийн өндөрт зогссон. Нийт 14 хүн сууж явсаны гурав нь хүүхэд байсан. Ослын улмаас есөн хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа" гэв. Харин тус паркийн хэвлэлийн төлөөлөгч Анника Троселиус "Аюулгүй байдал бол бидний хувьд хамгийн чухал зүйл. Хэрэв бид аюулгүй гэдэг итгэлгүй байсан бол хэзээ ч ийм үйлчилгээ нээхгүй. Тиймээс үүнийг сайтар шалгах хэрэгтэй" гэж мэдээллэв. Энэхүү "Jetline" галзуу хулгана 800 орчим метр урт замтай бөгөөд 1988 онд анх ашиглалтад орж, 2000 онд шинэчилсэн байна. Тус тоглоомны өндөр нь ойролцоогоор 30 метр бол дээд хурд нь 90 км/цаг байдаг аж.

Д.ЧИМЭДДУЛАМ