Бид энэ удаагийн сурвалжилгаараа IVIII зууны гайхамшиг, түүх болон уран барилгын хосгүй үнэт зүйлд тооцогдох Дамбадаржаалин хувийг зорилоо. Тус хийд нь гурван зууныг дамжиж, 250 гаруй жилийг өнгөрүүлсэн Халхын анхны гурван хийдийн нэг юм. Тиймдээ ч өдгөө зарим барилга нь өнгө будгаа алдаж, дээвэр зэрэг нь нурсан байдалтай харагдах болжээ. Улмаар иргэдийн дунд сүүлийн жилүүдэд “соёлын үнэт өв устлаа” дотор нь сууж буй лам нар янзалсангүй” гэх шүүмж гарч, цахим орчинд тархаж буй.
Тэгвэл бидэнд ирсэн мэдээллээр тус хийдийг 2018 онд төрийн өмч болгож улмаа дотор нь суух лам нар 2010-аад оноос хийдийг жуулчдад зориулан сэргээн засварлах талаар ярилцаж, 2015 онд нийслэлд хүргүүлсэн ч тодорхой шийд хэлэлгүй өдийг хүрсэн аж.
ВИДЕО:
Иймд бид энэ талаар Дамбадаржаалин хийдийн хариуцан ажиллаж буй Да лам О.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “1990 оноос манай өвгөн лам нар Дамбадаржаалан хийдэд хурал номоо сэргээснээс хойш жилийн жилд тодорхой хэмжээний ажлуудыг хийж байсан. Ингэхдээ хийдийн онгорхой хашаа болон гахайн хороо байсан дуган, томоохон зоорь зэргийг сүм болгож, хашаа хороо хийсэн. Мөн зарим байшингуудын дотоод засал зэргийг өөрсдийн болон сүсэгтэн олны хандив тусламжаар хийж гүйцэтгэж байсан. Үүнээс хойш одоог хүртэл байгаагаар нь түүхийн үнэт өв учир эвдэн сүйтгүүлэлгүй хадгалан хамгаалж яваа юм. Мөн бид үе үеийн Нийслэлийн удирдлагуудад сэргээн засварлалт хийх талаар ханддаг байсан. Учир нь хэн дуртай нь засварлах боломжгүй улсын хамгаалалттай бүр шүү дээ. Тэгээд нийслэлдээ хандахад бидэнд “яг яаж хөгжүүлэх вэ” гэж яриа хийгээд зураг төслийн санал тавьдаг. Үүний дагуу бид зураг төсөл гаргаж нийслэлийн удирдлагуудад өгдөг. Гэхдээ хариу бол ирдэггүй юм аа.
Мөн манай Дамбадаржаалин хийд ганц дуган биш том газартай. Тиймээс үүнийг сэргээн засахад асар их хэмжээний мөнгө орох байх. Тиймээс нийслэлийн төсвөөс эхлээд асуудлууд бас байдаг байх гэж бодож байна.
Түүнчлэн өөрсдийн болон сүсэгтэн олны хандиваар зарим нэг дуган сүмээ янзлах гэхээр заавал төрийн өмчит компаниуд засварлана гэх юм ярьдаг. Гэтэл Төрийн өмчит компаниуд бидний 100 сая төгрөгөөр гаргаж өгч буй зураг төслийг гурав, дөрөв нугалж өөдөөс нэхдэг. Тэгэхээр бидэнд тийм боломж байхгүй шүү дээ. Тиймээс өөрсдийн боломжоороо дугануудаа нураалгүй, эвдэн сүйтгэлгүй хадгалалт хамгаалалтыг нь хариуцаад явж байна.
Манай сүм одоогоор 258 жил болж байна. Хоёр жилийн дараа 260 жилийн ой болох гэж байна. Түүхэн дурсгалт барилга байгууламж маань хэлбэр хэмжээгээ хадгалаад үлдвэл хойч үед маань хэрэгтэй юм болов уу гэж боддог. Жишээлбэл, одоо манай хийдийг барьсан хөх тоосго маш ховор Монголд байтугай дэлхийд ийм тоосгоор хийгдсэн барилга ховор байдаг. Энэ тоосго нь галд шатдаггүй. Одоогийн технологиор хөх тоосгыг шатаах зүйл гарч ирээгүй. Нууц нь тайлагдаагүй гэхчлэн маш олон түүхэн нууц, архитектурын содон шийдлүүдтэй. Ихэнх хүн өнөөдөр шашнаа үгүйсгэж лам гэхээр түүхэнд багтахгүй юм шиг. Сүм хийд гэхээр соёлын үнэт өвд орохгүй юм шиг ханддаг болсон байна. Гэтэл энэхүү барилгыг барихад Монгол болон хятад урчууд хамтран бүтээсэн байдаг. Тэгэхээр бид өөрсдийн хийсэн түүх дурсгалыг шашин гэдэг зүйлийн дор нулимж байгаа зүйл юм.
Энэ хийдийн хашаа дуган байшин гээд бүр зүйл нь хөх тоосгоор баригдсан. Ийм зүйл байгаа юм. Тэгэхээр үүнийг хойч үед үлдээхийн тулд төр засгаас сайн дэмжээд өгөөсэй гэж бодож байна. Дэмжлэг гэдгийг бас буруугаар ойлгож болохгүй. Дэмжинэ гэхээр лам нарт цалин өгч, хийдэд мөнгө цацна гэсэн үг биш. Зөвхөн энэхүү сум дуганаа хуучин хэв хийцийн хадгалж сэргээгээд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж үр хойчдоо болон гадаадын олон орны жуулчдад үзүүлээсэй.
Монголчууд өөрийн гараар бүтээсэн. Улмаар өдийг хүртэл хадгалагдан үлдэж, цагийн мууг даван туулж ихэнх нь 100 хувь бүрэн бүтэн өвлөгдөн ирсэн энэхүү хийдийг сэргээвэл жуулчдыг татах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм” гэлээ.
Иймд бид үргэлжлүүлэн Дамбадаржаалин хийдийг хариуцаж буй Нийслэлийн соёл, урлагийн газартай холбогдож хийдийн сэргээн засварлалтын ажлын талаар тодрууллаа.
НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш "Дамбадаржаалан хийдийг сэргээн засварлах, шашин соёлын цогцолбор хэлбэрээр шинэчлэн өргөтгөж нийслэлийн иргэд үйлчлүүлдэг, очдог газар болгохоор төлөвлөсөн зүйл байгаа. Яг энэ төлөвлөлтийн дагуу ажлаа гүйцэтгээд явъя гэхээр дунд нь байгаа “Цогчин дуган” гэдэг барилгыг 2010 онд нийслэлтэй гэрээ байгуулж, 2023 он хүртэл эзэмшиж явсан. Хойд талын хийдийн барилгыг бас нэг ТББ эзэмшиж явсан байгаа юм. Тэгэхээр энэ хүмүүсийн албан ёсны зөвшөөрөл гэж одоо байдаггүй. Ямар нэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийдэггүй. Нэг үгээр орхигдсон. Нийслэлийн өмч үнэгүйдсэн байдалтай байсныг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар захирамж гаргасан. Улмаар ажлын хэсэг 2022 оноос эхлэн ажиллаж, 2023 оны зургаадугаар сард НЗД-ын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Дамбадаржаалин хийдийг албан ёсны зөвшөөрөлгүйгээр сүүлийн 20,30 жил ажиллуулаад явж байгаа хүмүүсээс чөлөөлж Түүх, шашин соёлын цогцолбор болгож хөгжүүлэх шийдвэр гарсан.
Тиймээс бид наймдугаар сард одоо байгаа хүмүүсээс нь авах, эргээд албан ёсоор мэргэжлийн түвшинд сонгон шалгаруулалт зохион байгуулж цаашид ажиллуулах боломжтой хүмүүст хийдийг өгнө. Хэнд өгөх сонгон шалгаруулалтаар шийдвэрлэгдэнэ.
Мөн эргэн тойрны зүйлсийг сэргээн засварлах ажлыг наймдугаар сараас дахин хэлэлцэнэ. 2015 оны зураг төсөл одоо хоцрогдсон байгаа. Тиймээс дахин зураг төсөл гаргаж, хөрөнгө оруулалт нь нийслэлийн эсвэл олон улсын байгууллагад тусгагдаж дараа дараагийн шийдвэрүүд нь гарна. Түүх, соёлын үнэт өвийг сэргээн засварлаж цааш авч явах ёстой. Улмаар тодорхой хэмжээнд эдийн засгийн эргэлт үүсэж хүн үздэг хардаг, төсөв мөнгө ордог байх ёстой шүү дээ. Гэвч Дамбадаржаалин хийд сүүлийн 20,30 жил зүгээр л үнэгүй хаягдсан байдалтай байгаа гэсэн үг юм” хэмээлээ.
ФОТО: