Хүчтэй хар салхинаас сэргийлэхийг анхааруулж, БНСУ гамшгаас сэргийлэх хоёрдугаар зэрэгт шилжлээ

Хүчтэй хар салхинаас сэргийлэхийг анхааруулж, БНСУ гамшгаас сэргийлэх хоёрдугаар зэрэгт шилжлээ

Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хүчтэй хар салхинаас иргэдээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж, БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас гамшгаас сэргийлэх байдлыг орон даяар хоёрдугаар зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авчээ.

Энэ сарын 8-ны өдөр Канвон мужийн Ёндун, Кёнбүгийн хойд хэсэг буюу Дунхэ орчмоор их хэмжээний аадар бороо орж, наймдугаар сарын 9-11-ний өдрийн хооронд орон даяар их хэмжээний бороо орохыг анхааруулж байгаа юм.

Мөн энэ өдрүүдэд далайн эрэг орчмын газар, аялал зуучлалын ресорт зэрэг газруудаар аялахгүй байхыг сануулж байгаа тул иргэд та бүхэн анхаарал, болгоомжтой байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, гар утсанд ирж буй сэрэмжлүүлэх мессежийг анхааралтай харж, хар салхины дэгдэлтийн үед онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байх, гол мөрөн, далайн эрэг орчмоор явахгүй байх, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий аюултай бүсээр зорчихгүй байхыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна.