Тарваган тахлаар өвдсөн эрэгтэй нь Хэнтийн Баян-Адарга сумаас тарвага худалдан авч, Биндэр сумын айлд чанаж идсэн гэж мэдүүлжээ

2023-08-08 14:57

Тарваган тахлаар өвдсөн эрэгтэй нь Хэнтийн Баян-Адарга сумаас тарвага худалдан авч, Биндэр сумын айлд чанаж идсэн гэж мэдүүлжээ

Улаанбаатар хотод өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тарваган тахлаар өвчилсөн 50 настай иргэн нь Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга сумын нутгаар дамжиж, өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод ирж, ХӨСҮТ-д үзүүлсэн. Одоогоор иргэний биеийн байдал хүндэвтэр, бөөлжсөн өгүүлэмжтэй эмчлэгдэж байна. Тарваган тахлаар өвдсөн иргэний нэгдүгээр хавьтал нь 12, хоёрдугаар хавьтал нь зургаа хүн байна. Асуумж судалгаагаар Биндэр суманд нэгдүгээр хавьтлын гурван хүн байгаа. Хавьтал болсон иргэдийг тусгаарлаж, тандалт хийж байна. Тарваган тахлаар өвдсөн эрэгтэй Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас тарвага худалдан авч, Биндэр сумын айлд чанаж идсэн гэж мэдүүлсэн" гэв. 

2023-08-08 13:54

ШУУРХАЙ: Улаанбаатар хотод өнөөдөр тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдлээ

Улаанбаатар хотод өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
 
Тарваган тахал туссан өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн байна. Мөн Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд бөгөөд ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байгаа юм байна.
 
НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ЗӨСҮТ-ӨӨС ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА
  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.