Ламхай нарын хэрэгт холбогдох 4 хүүхдийг яллагдагчаар татах шүүх хурал эхэллээ

Ламхай нарын хэрэгт холбогдох 4 хүүхдийг яллагдагчаар татах шүүх хурал эхэллээ

Гандантэгчилэн хийдэд шавилан суугч ламхай нар нэгнээ хүчирхийлсэн тухай мэдээлэл цацагдсан. Тус хэрэгт дөрвөн хүүхдийг буруутган тогтоосон ч насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр ял шийтгэл оноогоогүй юм.

Харин өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ы өдөр хэрэгт холбоотой 4 хүүхдийг яллагдагчаар татах шүүх хурал болж байна. Мөн СЭМҮТ–д хэвтэн эмчлүүлж байсан хохирогч ламхайн ээж хүүхэдтэйгээ уулзах гэсэн ч эмч, сувилагч нар хүч хэрэглэж, зодсон хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Хохирогч ламхайн ээж, “Энэ асуудал болоход удаа дараа Гандангийн эрх бүхий хүмүүст мэдээлж байсан боловч хариу арга хэмжээ авч байгаагүй. Арга ядаад хүүхдүүдэд тэр ёс бус үйлдлийг хийж болохгүй гэж тайлбарласан ч хүүхдүүд хүлээж авдаггүй байсан. Сургалтын орчин нь бохир заваан, хоол хоолойгоор давдаггүй. Би хүүгээ гар гэж хэлсэн ч хүү минь "энд байх нь өгөөжтэй, эндээс л лам болно" гэж хэлсэн. Багш нар нь зоддог, жанчдаг. Би хүүхдээ хөдөө явъя гээд гуйсан ч “Багш нар Төвхөн хийд явуулна гэсэн, цагаан сүм рүү явна. Тэндээс мөнгө цуглуулж Энэтхэгт очиж сурна” гэдэг байсан. Тухайн хэрэг болдог өдөр Б гэх хүүхэд хэлэхдээ манай хүү орондоо шээгээд Ш гэх хүүхэд манай хүүхдийг өөрийн орон дээр хамт унтуулах нэрээр хүчирхийлсэн гэсэн. Ор хөнжлөөс нь шээс үнэртэж байсан. Ш гэх хүүхэд ч "би тэгсэн" гэж хүлээж зөвшөөрсөн. Гандантэгчилэн хийд бидэн рүү эргэж холбогдоогүй. Миний хүүхэд хэнд ч итгэх итгэлгүй болоод байгаа. СЭМҮТ-д гурван удаа очиход хүүхдээ харж чадаагүй, сүүлийн удаа очиход хүүхэд маань мансуурсан байдалтай байсан. СЭМҮТ-ийн таван эмч, сувилагч намайг зодож, маш хүнд гэмтэл учруулсан. Хүний эрхийн үндэсний төв хэний талд ажиллаад байгааг мэдмээр байна, би хувьдаа хардаж байгаа” гэлээ.

Э.Бадамханд