БНСУ-ын youtuber Жан Хуи: Монголд өвөл жуулчид ирдэггүй гэсэн. Тиймээс өвлийн аяллын талаар контент хийж, Солонгосчуудад таниулна /ВИДЕО/

БНСУ-ын youtuber Жан Хуи: Монголд өвөл жуулчид ирдэггүй гэсэн. Тиймээс өвлийн аяллын талаар контент хийж, Солонгосчуудад таниулна /ВИДЕО/

Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын 19,8 хувийг Солонгосчууд эзэлж байна. Энэ жилийн хувьд Монголыг зорин ирэх Солонгос жуулчид эрс нэмэгдсэн нь Солонгос одод Монголд нэвтрүүлгийн зураг авалт хийсэнтэй холбоотой.

Тухайлбал БНСУ-ын "Shinee" хамтлагийн дуучин Кэй болон бусад алдартнууд ирж "I live alone" нэвтрүүлгийг хийсний дараагаар Солонгос жуулчид эрс нэмэгдсэн бол саяхан Жан Хёг, Ким Жонгүг тэргүүтэй Солонгосын "А" зэрэглэлийн алдартай жүжигчдийн Монголд хэрхэн жууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" нэвтрүүлгийн дараагаар тус улсаас Монголыг сонирхон, зорин ирэх жуулчдын тоо илүү ихсэх төлөвтэй байна.

Тэгвэл бид энэ удаад бид БНСУ-ын бас нэгэн алдартан, контент бүтээгч, youtuber, фото модель Жан Хуйтай ярилцлаа.

ВИДЕО: 

Түүний хувьд Монголд ирээд 10 хонож байгаа бөгөөд гурав хоногийн дараа буцах гэнэ. Монгол орны зах хязгааргүй тал нутаг, үзэсгэлэнт унаган байгаль, одод, тэнгэр дуугарах чимээ зэрэг нь үнэхээр гайхалтай санагдсан гэнэ. Өмнө олон орноор аялж байсан ч Монгол шиг ийм үзэгэлэнтэй байгальтай орон анхных байсан. Дараа заавал ирнэ хэмээн ярьсан юм.

Тэрбээр контент бүтээгч бөгөөд Монгол аяллын талаар контент хийсэн нь Сонгосчуудад ихээхэн таалагдсан аж. Мөн "өвөл Монголд жуулчид ирдэггүй гэсэн. Тиймээс өвөл ирж аяллын контент хийж, Солонгосчуудыг татахыг хүсэж байна" гэж ярьсан түүний ярилцлагыг хүлээж авна уу.

-Сайн байна уу. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Монгол үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу? Би БНСУ-д телевизийн газар ажиллангаа хувиараа контент хийдэг бөгөөд сүүлийн үед аялалын контент хийж байгаа. Одоогоор Жей гэдэг нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.

-Монголд ирээд анх ямар сэтгэгдэл төрсөн бэ? Хамгийн их таалагдсан зүйл нь юу байв?

Монголын байгаль үнэхээр гайхалтай санагдсан. Улаанбаатарт ч тэр бүх газрууд нь сэтгэлд үлдсэн байна.

Хамгийн их таалагдсан зүйл нь замдаа явж байгаад нар жаргахдаа тэнгэрийн хаяа улайссан байгааг харсан. Тйим зүйл анх удаа харсан болохоор үнэхээр үзэсгэлэнтэй санагдсан.

Тэр л миний сэтгэлд маш тод үлдсэн байна. Намайг заавал нэг зүйлийг сонгож хэл гэвэл тэрийг хэлнэ ээ. Мөн дээрээс нь Монгол орон бусад орнуудаас зах хязгаар нь харагдахааргүй өргөн уудам тал нутагтай байсан. Бороо орж, тэнгэр дуугарч, цахилгаан цахих нь хүртэл тийм уудам тал нутагт огт өөрөөр мэдрэгдсэн.

-Гадны жуулчид Монголд ирэхдээ ихэнхдээ Монгол гэрт унтаж үзэх ч юм уу, одод харах гэж ирдэг. Таны хувьд Монголд ирэхээс өмнө заавал хийж үзмээр байсан зүйл байсан уу?

Монголд ирээд хоёр зүйлийг маш их хийж үзэхийг хүссэн. Нэгдүгээрт Монголын уламжлалт гэрт унтаж үзэхийг хүссэн. Хоёрт нь гэрт унтангаа тэнгэр хараад оддыг харахыг хүссэн. Намайг гэрт унтдаг өдөр тэнгэрт үүл ихтэй байсан учраас оддыг сайн харж чадаагүй. Тиймээс дараа ирэхдээ заавал харна гэж бодож байгаа.

-Монголд аяяллын контент хийсэн байсан. Энэ талаараа ярихгүй юу? Ямар онцлогтой ямар контент гарах вэ?

Монголд “Joy Mongolia”-тай хамтрасан контент хийж эхэлсэн. Контент хийж эхлэхээс өмнө Солонгосчууд Монголын аялал жаахан хэцүү. Усанд орох газар ч байхгүй, интернет ч байхгүй, нойл ороход ч бас их хэцүү байдаг. Үнэхээр явахыг хүсэж байгаа ч дээрх асуудлуудаас болоод явж чадахгүй байна гэсэн тохиолдлууд их байсан. Миний хувьд контентээр дамжуулан хэлэх гэсэн зүйл нь дээрх ерөнхий ойлголтоос нь эсрэгээрээ очсон газар болгонд тийм байдаггүй. Монголд ч бас өдөр болгон усанд орж болдог, интернеттэй газартай гэдгийг харуулсан. Мөн Монголын байгаль их үзэсгэлэнтэй бөгөөд маш гоё зураг авалтыг хийх боломжтой гэдгийг эерэг талаас нь харуулснаар үзэгчид ямар гоё юм бэ, бид ч гэсэн очих юмсан гэсэн" эерэг комэнтууд маш их үлдээсэн байсан. Тийм учраас өөрөөрөө болон энэ контентоороо маш их бахархаж байгаа.

-Монгол оронд өвөл нэг их жуулчид ирдэггүй л дээ. Таны хувьд өвлийн контент хийх талаар ярилцсан гэсэн. Хэрвээ өвлийн контент хийе гэвэл юуг илүү онцолж хийе гэж бодож байна?

Монголд байгаа аялал жуулчлалын орчуулагчид болон жолооч нарын яриаг сонсоход зөвхөн зундаа жуулчид ирээд өвөлдөө ямар ч ажилгүй байдаг гэж сонссон.

Тиймээс "joy mongolia"-гийн х.Ариунаа захиралтайгаа хамтраад өвөлдөө ч гэсэн Монгол оронд аялалаар ирэх боломжтой шүү гэсэн мэдээллийг дамжуулахын тулд төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

Энэ хүрээнд Шаргалжуут ч юмуу рашааны газруудаар аялъя гэж бодсон. Солонгосчууд өвлийн улиралд рашааны газрыг зорин Япон руу маш их явдаг. Тэгэхээр рашаануудыг Солонгосчуудад таниулж, тухтай аялах боломжтой гэсэн өнцгийг харуулахыг хүсэж байгаа.

-Өөрийн тань харснаар Монголд засаж сайжруулмаар зүйл, үүнийг янзалчихаасай гэж бодсон зүйл байсан уу?

Нэг зүйл байсан. Тэр нь юу вэ гэхээр аялалд явж байх хугацаанд зам маш их хэцүү байсан. Засмал зам байсан хэдий ч гэсэн дундаа цоорсон ч юм уу нүх ихтэй байгаа нь хэцүү санагдсан. Түүний тойрох гээд эсрэг талынхаа урсгал руу орох гэх мэтчилэн нэлээд аюултай санагдсан шүү. Явж байх хугацаандаа эсрэг талын урсгал руу орсноос болоод осолд орчихсон машин байсан. Монгол Улс хэрвээ боломжтой бол замынхаа нөхцөл байдлыг илүү сайжруулбал Солонгос гэлтгүй гадаадын иргэд илүү аюулгүй аялах боломжтой байх гэж бодож байна.

-Монголын талаар үлдсэн хамгийн сайхан сэтгэгдлээ хуваалцаач. Солонгостоо очоод Монгол руу явахыг зөвлөх үү? 

Одоохондоо Монголд ирэх тодорхой өдөр товлоогүй байгаа ч 11 дүгээр сарын эхээр юм уу 12 дугаар сарын дундуур заавал ирнэ гэж бодож байна. Бусад орнуудаар би зөндөө аялж байсан ч Монгол шиг ийм үзэсгэлэнтэй унаган байгальтай газар очиж байгаагүй. Би дараа нь ч гэсэн Монголд ирнэ. Бусад хүмүүст ч бас очихыг зөвлөх болно. Мөн контент хийх явцдаа сонссон нэг зүйл нь онголын зарим сурагчид дүрэмт хувцасгүйгээсээ болоод сургуульдаа явж чадахгүй байгаа гэдгийг сонсоод тэдэнд дүрэмт хувцас бэлэглэнэ. Би Монголд илүү сайнаар дурсагдах хүмүүсийн нэг нь болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна.