Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг ан амьтны талаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцууллаа.
Тэрбээр, "2023 онд Архангай аймагт 10 толгой янгир, Орхон, Төв, Хэнтий, Архангай аймгуудад 40 тоо толгой халиун буга, Архангай, Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудад 930 тоо толгой монгол тарвагыг тус тус сэргээн нутагшуулаад байна.
Мөн Шивэр хадран, Шөвгөр хоншоорт зэрэг загасны үржүүлгийн ажлыг судалгааны хүрээлэн, ан амьтны мэргэжлийн байгууллага, орон нутагтай хамтран хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын засгийн газраас арван жилийн дараагаар амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосон байгаа. Ийнхүү тогтоосноор амьтан хамгаалалт, зохистой ашиглалт, хууль бус нөхөн төлбөр хураамжийг тухайн амьтны бодгалиар нь тооцож үзэх чухал ач холбогдолтой байдаг.
Ан амьтныг барих талаар зөвшөөрлийн хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор ан амьтны тодорхой зөвшөөрлүүд орон нутаг руу шилжсэн. Зарим тусгай зориулалтын анг дуудлага худалдаагаар зохион байгуулах зохицуулалттай болсон.
Энэ жил тусгай зориулалтаар агнах амьтны тоо толгойг тогтоох захирамжийн дагуу угалз 93, тэх 160, халиу буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахайг 10 хүртэлх тоо толгойг агнуулах, тул загас 600 хүртэлх загасыг барьж, буцаан тавих, бусад загас 4000 хүртэл тоо толгойг барих, агнах зөвшөөрлийг "агнах, барих агнуурын амьтны тоо толгойг тогтоох тухай засгийн газрын 444 дүгээр тогтоол"-д тусгаж өгсөн байна.
Энэ жилийн тусгай зориулалтын ан агнах дуудлага худалдаагаар орон нутгийн төсөвт 3.1 тэрбум төгрөгийг одоогийн байдлаар төвлөрүүлээд байна.
Эдлэг шонхор шувуутай холбоотой мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ жил Засгийн газраас эдлэг шонхор шувууг барих зөвшөөрөл гаргасан. Зэрлэг амьтан ховордлын зүйлийг гадаад улсад худалдаалахыг конвенцоор зохицуулж байдаг. 2019 оны тогтоолоор эдлэг шонхор шувууг гадаадад гаргахыг хориглосон бөгөөд Засгийн газрын зохицуулалтаар зөвхөн соёлын зориулалтаар, өндөр дээд хэмжээний төлөөлөгч нарт бэлгийн зориулалтаар олгож ирсэн. 2023 оноос эхлэн албаны нууцаас гарч, Засгийн газрын тогтоол гарч эдлэг шонхор шувууг зөвхөн хоёр орны допломат харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад орны өндөр дээд алба тушаалтай хүнд соёлын зориулалтаар буюу бэлэглэх журмаар барихыг зөвшөөрсөн байдаг. Энэхүү зөвшөөрлийг үндэслэн тухайн орон нутгийн байгууллагатай гэрээ байгуулж, гэрээний дагуу отог байгуулсан байсан. Нэг эдлэг шувууг соёлын зориулалтаар барихад 26 саяын төлбөртэй байдаг" гэлээ.