Сүхбаатар дүүрэгт байрлах "Баянбүрд ресиденс" байрны граж руу хөрсний ус нэвтэрч, мөстжээ

Сүхбаатар дүүрэгт байрлах "Баянбүрд ресиденс" байрны граж руу хөрсний ус нэвтэрч, мөстжээ

Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах “Баянбүрд ресиденс” орон сууцны автомашины гражид хөрсний ус нэвтэрч, улмаар мөстжээ. Тус барилгыг ашиглалтад оруулаад нэг жил ч болоогүй байна.

Энэ талаар оршин суугчдаас тодруулахад, “Хөрсний ус нэвчиж гражийн шалыг бүрхсэн. Энэ нь иргэдэд хүндрэл учруулаад байна. Машинаа оруулж, гаргахад хүндрэлтэй болсон бөгөөд шал бүхэлдээ мөстсөн. Одоогоор СӨХ-доо мэдэгдээд байна. Ус нэвтрэлтийг зогсоож, мөсийг хэрхэн арилгах нь тодорхойгүй байна” гэсэн юм. Харин СӨХ-ноос “Гражийн паарнаас ус алдаагүй” гэснээс өөр хариулт өгсөнгүй. Ташрамд дурдахад, Баянбүрд, Дөлгөөн нуур орчим нь хуучнаар ногоон нуур байрлаж байсан газартай ойр бөгөөд эндхийн зарим байрны доод давхарт хөрсний ус нэвчдэг гэх мэдээлэл байдаг билээ.

Г.ЭНХЗУЛ