ТАНИЛЦ: 2024 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

ТАНИЛЦ: 2024 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын тогтоосноор Олон Жилийн Дундаж /ОЖД/ гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цагуурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна. Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 2015 оны нэгдүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1-8°С-аар дулаан байсан нь 1979 оноос хойших хамгийн дулаан нэгдүгээр сар байсан бол 2011 оны нэгдүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1-9°С-аар хүйтэн байсан нь түүхэн дэх хамгийн хүйтэн нэгдүгээр сар байжээ.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур Олон Жилийн Дунджаас  дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар дунджаас 3-5°С-аар хүйтэн байх нь.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховдын өмнөд болон Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас -3-5°С-аар дулаан, бусад хугацаанд ОЖД-аас -3-5°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, зарим газраар цасан шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас хүйтэн хур тунадас нийт нутгаар дунджийн орчим төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас -2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 2-5°С-аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, зарим газраар цасан шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан, бусад хугацаанд ОЖД-ийн орчим болон дунджаас 1-2°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхний арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД-аас 2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас 2-4°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.