Хоёрдугаар сард төвийн аймгуудын нутаг, гуравдугаар сард ихэнх нутгаар хүйтэрч, дөрөвдүгээр сараас дулаарах төлөвтэй байна

Хоёрдугаар сард төвийн аймгуудын нутаг, гуравдугаар сард ихэнх нутгаар хүйтэрч, дөрөвдүгээр сараас дулаарах төлөвтэй байна

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 2-4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна. Тодруулбал, ирэх хоёрдугаар сар /2024.02/-д нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төвийн аймгуудын нутгаар хүйтэн байх төлөвтэй байгаа аж. Харин гуравдугаар сар /2024.03/-д ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй байгаа бол дөрөвдүгээр сар /2024.04/-аас нийт нутгаар дулаарах аж.

Хур тунадасны хувьд хоёр болон дөрөвдүгээр сард говийн болон зүүн аймгуудаар  олон жилийн дунджаас ахиу байх бол гуравдугаар сард олон дундажтай адилхан байна. Цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч, сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Хоёрдугаар сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговиор олон жилийн дунджаас дулаан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.