"2023 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зун болсон" талаар Европын Холбооны Уур амьсгал судлалын газраас мэдээлжээ

"2023 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зун болсон" талаар Европын Холбооны Уур амьсгал судлалын газраас мэдээлжээ

2023 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болсон бөгөөд цаашид ийм нөхцөл байдал үргэлжлэх магадлалтай байгаа талаар Европын Холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас /C3S/ өчигдөр /2024.01.10/ мэдээлжээ.  

Европын Холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын тайланд онцолсноор, “2023 онд дэлхийн дундаж температур цельсийн 14.98 хэмд хүрснээр урьд нь хамгийн халуун жилд тооцогдож байсан 2016 оны үзүүлэлтийг шинэчиллээ” гэжээ. Түүнчлэн 2023 оны 6-12 дугаар сар хүртэлх сар бүр өмнөх жилүүдийн мөн саруудаас дулаан байсан бөгөөд 7, 8 дугаар сарууд түүхэн дэх хамгийн халуун хоёр сар болсон гэж тайланд дурдсан байна.

Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын дэд дарга Саманта Бержесс уг тайлангийн талаар, "2023 он бол уур амьсгалын дээд үзүүлэлтүүд даалуу шиг нурсан онцгой жил байлаа. 2023 оны температур хамгийн багаар тооцоолоход сүүлийн 100 мянган жилийн аль ч үеийнхээс давсан байж магадгүй. Нэг жилийн өдөр бүрийн температур 1850-1900 оны өмнөх үеийнхээс 1 хэмээр давсан анхны тохиолдол энэ болж байна" гэжээ.