ВИДЕО: Цоохор ирвэс, олон тооны булгыг хууль бусаар агнаж, худалдаалахаар тээвэрлэж явсан иргэдийг үйлдэл дээр нь баривчиллаа

ВИДЕО: Цоохор ирвэс, олон тооны булгыг хууль бусаар агнаж, худалдаалахаар тээвэрлэж явсан иргэдийг үйлдэл дээр нь баривчиллаа

Сүүлийн үед ховор болон нэн ховор амьтныг хууль бусаар агнаж, худалдан борлуулахыг завдсан тохиолдол цөөнгүй гарах болсон. Тэгвэл Экологийн цагдаагийн албаны алба хаагчид "Хууль бусаар цохор ирвэс агнаж, худалдан борлуулахыг завдаж байна" гэх дуудлага мэдээллийн мөрөөр хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа талаарх сурвалжилгыг бид энэ удаад бэлтгэн хүргэж байна. 

ВИДЕО: 

Экологийн цагдаагийн албанд "Нэр бүхий иргэд нэн ховор амьтан болох цоохор ирвэс худалдан борлуулахаар тээвэрлэн явж байна" гэх дуудлага мэдээлэл иржээ. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, иргэн 41 настай И, 40 настай Д нар нь бүлэглэн хууль бус ангийн түүхий эдийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж, тээвэрлэж байсан хууль бус үйлдлийг илрүүлсэн юм.

Тодруулбал,  дээрх  иргэд нь Монгол орны нэн ховор амьтдын жагсаалт, улаан номд орсон Цоохор ирвэсийн 2.2 метр урттай нэг ширхэг арьс, ховор амьтдын жагсаалтад орсон Ойн булганы хоёр ширхэг арьсыг бусдад худалдаалахаар тээвэрлэж явсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Урьдчилсан байдлаар иргэн И нь уг амьтдыг 2023 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс агнаж, арьсыг үйлдвэрийн аргаар элдсэн нөхцөл байдал тогтоогджээ. Цоохор ирвэс нь дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол Улсад 1000 орчим тоологдож “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор, экологийн өндөр ач холбогдолтой амьтан юм. Гэтэл тухайн иргэд нь "Нэн ховор болон ховор амьтан гэдгийг нь мэдээгүй. Зарах зорилгоор авч явж байсан" гэх зүйлийг хэлсэн байдаг. 

Хууль бусаар агнасан цоохор ирвэсийг арьс

Хууль бусаар агнасан ойн булганы арьс

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хуулийн 2-д "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.