Хөрөнгө оруулагчдыг газар “ашиглах” хуульгүй болгосон Г.Занданшатар, 2012 онд Хөрөнгө оруулагчид ЗГ, УИХ-аас заавал зөвшөөрөл авдаг болгож Монгол Улсыг хорлож байв

Хөрөнгө оруулагчдыг газар “ашиглах” хуульгүй болгосон Г.Занданшатар, 2012 онд Хөрөнгө оруулагчид ЗГ, УИХ-аас заавал зөвшөөрөл авдаг болгож Монгол Улсыг хорлож байв

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг нарын өргөн мэдүүлсэн “Хөрөнгө оруулалтын тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр баталсан нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал боллоо.

Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболдын үед буюу 2013 онд баталсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д заасан “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалтыг хүчингүй болгосон нь зарим иргэдийн хувьд “гадныханд газраа эзэмшүүлэхгүй нь” гэх баярт мэдээ болон сонсогдож байсан ч цаад талдаа манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон ”уул уурхайн салбарыг зогсонги байдалд оруулах” эрсдэлтэй алхам болсон гэх байр суурийг зарим иргэд илэрхийлж байгаа юм. Тодруулбал, гадаадын иргэн монголд газар "эзэмших" нь үндсэн хууль болоод газрын тухай хуулиараа хориотой. Харин хөрөнгө оруулж, зөвхөн хуулинд заасан хугацаандаа "ашиглах" эрхтэй байсныг ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар хасаад байгаа юм.

-ГАДААДЫН ИРГЭН "МОНГОЛД ГАЗАР ЭЗЭМШИХ" НЬ ҮНДСЭН ХУУЛЬ БОЛООД ГАЗРЫН ХУУЛИАР ХОРИОТОЙ, ЗӨВХӨН “АШИГЛАХ” ЭРХТЭЙ БАЙСНЫГ Г.ЗАНДАНШАТАР ХАСЛАА-

Энд нэг зүйлийг дахин сануулахад "Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д заасан “гадаадын иргэн монголд газар эзэмших” гэсэн заалт "Үндсэн хууль" болоод "Газрын тухай хууль"-иар хэрэгжих ямар ч боломжгүй, огт хэрэгждэггүй заалт байсан. Үүний хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн нэгдүгээр сард "Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1 дэх заалтаас “эзэмшүүлэх” гэсэн үгийг хасах хуулийн төсөл өргөн барьсан ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга уг “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр улс төр хийж, “Ч.Хүрэлбаатар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх хуулийн төслийг оруулж ирлээ” хэмээн илт худал мэдэгдлийг удаа дараа хийснээр хуулийн төсөл гацсан юм.

-2012 ОНД Г.ЗАНДАНШАТАР БАС НЭГЭН ХУУЛИЙГ САНААЧЛАН БАТЛУУЛЖ, МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ХОР ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙЖЭЭ-

Энэ талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин твиттер хуудсандаа “Сонин хувь төөрөгтэй хүн юм. 12 жилийн өмнө 2012.05.17-ний өдөр нэг хууль санаачилж батлуулаад Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтыг ийм болгочихож билээ. 12 жилийн дараа өнөөдөр нутгийн "том ах"-ынхаа дохио зангаагаар бас нэг үйлдэл хийлээ. Энэ график яаж хөдлөх бол" хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан бичиж, манай улсад ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурсан талаарх график үзүүлэлтийн зургийг тавьжээ.

Тэгвэл 2012 онд тухайн үеийн Гадаад хэргийн сайд байсан Г.Занданшатар “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн төслийг санаачлан, батлуулж байжээ.

Тухайн үедээ хэвлэл мэдээлэл, эдийн засагчид болон мэргэжлийн хүрээнийнхний шүүмжлэлийг дагуулсаар батлагдсан уг хуулийг хөрөнгө оруулагчид "Ялгаварлан гадуурхалтын хууль" хэмээн тодотгож байжээ.

Тус хуульд уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, банк санхүүгийнбайгууллагын 49-өөс дээш хувийг гадны байгууллага эзэмшихээр болж, 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийхээр болвол Засгийн газар, УИХ-аас заавал зөвшөөрөл авахаар тусгаж өгсөн байна. Үүнийг эдийн засагчид "уул уурхайн салбарт хөрөнгө босгох ажиллагаанд саад учруулна, цаашлаад шинээр орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг даруй үргээх магадлалтай” хэмээн шүүмжилж байжээ. Гэвч чөлөөт зах зээлийн харилцаанд шууд байдлаар хориг тавьсан энэхүү хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчид Монгол Улсаас дөлж эхэлжээ. Энэхүү хууль батлагдсанаас нэг жилийн дараа цуцлагдсан бөгөөд энэ хугацаанд эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлж, валютын урсгалыг царцанги байдалд оруулан, улсыг хохироогоод өнгөрсөн байна.

-МАНАЙ УЛС ЭНЭ ЖИЛ "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН 4 ТЭРБУМ АМ ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТ ТАВЬСАН Ч Г.ЗАНДАНШАТАРЫН ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ХУУЛИЙН ЗААЛТ ЭНЭ ТӨЛӨВЛӨГӨӨГ НУРААВ-

Манай улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд уул уурхайгаас бусад, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг түүхий эдийн нөөцтэй салбартаа хөрөнгө оруулалт татах сонирхолтой. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад шинэ техник технологи нэвтэрч, боловсон хүчнийг бэлтгэн чадавхжуулж, дотоодын компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулж, Монголоос дахин экспорт хийх боломжтой болно. Ингэснээр экспортод бараа бүтээгдэхүүнийг гаргах замыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээж өгөх олон давуу талтай байдгийг дэлхийн бусад улс орнууд ч онцолж байгаа юм. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх” асуудлыг бодлогын тэргүүлэх чиглэл болгон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 4 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар ч албаныхан мэдээлж байв. Ингэхийн тулд манай улс хууль эрх зүйн орчин нь тогтвортой, хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл авахад хүндрэл, бэрхшээлгүй байх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, тодорхой байх шаардлагатай. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар "гадаадын иргэнд газар ашиглуулах" хуулийг хүчингүй болгон баталсанаар гадаадын хөрөнгө оруулагчдыг бүр мөсөн үргээж, улсынхаа эдийн засагт дахин нэг хортой алхамыг яагаад хийв гэдэг нь хачирхалтай.

-Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР НАР “САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД”-ЫН АСУУДАЛ АРБИТРЫН ШҮҮХЭД МАРГААН ҮҮСГЭНЭ ГЭДГЭЭС БОЛГООМЖИЛЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Нэг нутгаас улс төрд сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг төслийг нэгэн дуугаар эсэргүүцэж, эцэст нь нэг заалтыг хүчингүй болгож байгаа нь “Салхитын мөнгөний орд”-той холбоотой байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар "Салхитын мөнгөний орд"-ын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авсан. Энэ нь монголд хөрөнгө оруулалт хийвэл төрд нь ийнхүү дээрэмдүүлнэ гэсэн таагүй мессежийг гаднынханд өгсөн байж болзошгүй. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан маргааныг 6 сарын дотор хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй, талууд өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг зохицуулах олон улсын төвийн арбитрын журмын дагуу шийдвэрлүүлж болно” гэж оруулсан. Хэрэв энэ хууль батлагдвал "Салхитын орд” зэрэгт хөрөнгө оруулсан гадаадын иргэд зөвхөн олон улсын арбитрын шүүхэд хандан шийдвэрлүүлэх цаашлаад "Салхитын орд”-ын асуудалд нэр холбогдох болсон Х.Баттулга, Г.Занданшатар нар олон улсын арбитрын шүүхээс болгоомжилж “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийг эсэргүүцсэн байж болзошгүй байгаа юм.