ВИДЕО: "Говьд усан үзэм ургуулах туршилт амжилттай болсон. Цаашид Монголд ургаж байгаагүй сортын жимсний мод тариалахыг зорьж байна"

ВИДЕО: "Говьд усан үзэм ургуулах туршилт амжилттай болсон. Цаашид Монголд ургаж байгаагүй сортын жимсний мод тариалахыг зорьж байна"

Хөдөө орон нутгийнхаа хөгжилд нэмэр болж, монголчуудаа эрүүл хүнсний ногоо, жимсээр хангах зорилго, мөрөөдөлтэй залуус ХААИС-д агрономич мэргэжлээр суралцаж, арлын Япон Улсад мэргэжил дээшлүүлсэн туршлагаараа говьд усан үзмийн мод тарих туршилт хийж, амжилттай үр дүнг гаргажээ.

Тэд өөр олон төрлийн жимс, ногоо тариалахын хажуугаар Монголд ургадаггүй сортын жимсний модыг олон улсаас оруулж ийнхүү туршилт хийж буй аж. Иймд бид тэдэнтэй холбогдож амжилттай болсон шинэхэн туршилтынх нь талаар ярилцлаа. 

ВИДЕО:

-Сайн байна уу. Юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Эрдэнэбилэгийн Эрхболд гэдэг. Өмнөговь аймгийн Булган суманд төрж өссөн. ХААИС-д агрономич мэргэжлээр дөрвөн жил суралцаж 2022 онд төгссөн. 2022 оноос 2023 онд Япон Улсад жимс жимсгэнийн модны чиглэлээр нэг жил суралцаж ирээд Өмнөговь аймгийн Хүлэмжийн цогцолбор аж ахуйн паркт ажиллаж байна.

Харин намайг Болдбаатарын Тэгшжаргал гэдэг. Би Говь-Алтай аймгийн Халиун суманд төрж өссөн. ХААИС-д агрономичийн ангид дөрвөн жил суралцаж төгсөөд 2023 оноос 2024 онд Япон Улсад Жимс, жимсгэнэ бордоо чиглэлээр суралцаад ирсэн. Одоо Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хүлэмжийн аж ахуйн паркт ажиллаж байна.

-Яг одоо хаанаас надтай холбогдож байгаа вэ?

-Бид Өмнөговь аймгаас холбогдож байна.

-Говьд усан үзмийн мод тарих туршилт хийсэн нь амжилттай болсон байсан. Та бүхний хувьд анх хэзээнээс энэхүү ажлаа эхлүүлэв?

-Өмнөговь аймагт өнгөрсөн жилийн хавар усан үзмийн мод суулгаж турших ажлаа эхлүүлсэн. Одоохондоо жимс авсан, хураасан зүйл байхгүй туршилтын үе дээрээ явж байгаа. Мэдээж усан үзмийг тариалаад эхний жилдээ жимс авдаггүй. Хоёр дахь жилээсээ ганц, хоёр багц жимс авч болдог. Тиймэрхүү байдлаар туршилт үргэлжилнэ. Ямартай ч энэ жилийн хувьд өвлийн хүлэмжид тариалсан мод маань амжилттай өвөлжиж, хаваржаад одоогоор жимсэлчихсэн явж байгаа.

-Яагаад говьд усан үзмийн мод суулгах болов. Говийн уур амьсгал, хөрсний хувьд жимсний мод тарихад давуу тал нь юу байдаг вэ?

-Хангайд жимсний мод тарьснаас говьд тарьсан нь дээр хавар эрт дулаарна. Намар хангай газар эрт хүйтэрдэг бол говьд нэг сарын дараа хүйтэрнэ. Хавар эрт, намар орой гээд цаг хугацааны хувьд нэг сарын ашигтай. Тэгээд говийн нөхцөлд хангайг бодвол дулаахан. Тиймээс говийг сонгож, жимсний мод тариалж үзье гэж бодсон. Мөн говийн хөрс шаварлаг байдаг болохоор модны ургалт нь удаан ч гэсэн жимсний ургац, амт чанар илүү байдаг. Дандаа гүний усаар услагддаг болохоор тийм байдаг. Ер нь жимсний модыг үржүүлэх тал дээр говийн нөхцөлд тохирсон модыг сонгож үржүүлэх бодолтой туршилт хийж байгаа. Цаашдаа ганц усан үзэм гэлтгүй мандарин, жүрж, лимон оруулж ирээд туршиж үзье гэсэн бодолтой байгаа. Арчилгааны хувьд хүнсний ногоо тариалснаас мод тариалах нь арчилгаа хамаагүй бага ордог. Хавар нэг тандалт хийж арчилдаг. Намар нэг ургац хурааж дууссаны дараа нэг тандалт хийдэг. Тэгээд ургац хэвийн явагдаж байх үед болон жимслэх үед тандалт хийнэ. Жилдээ 3-4 удаа л тандалт хийж арчлахад болдог.

-Ямар сортын усан үзмийн мод тариалж байна. Жимсний модоо хаанаас оруулж ирсэн бэ?

-Бид жимсний мод оо японоос оруулж ирсэн. Монголын уур амьсгалд тохиромжтой өмнө нь монголд тариалж байгаагүй шинэ сорт байгаа.

-Жимсний мод тариалдаг гэхээр баггүй талбайтай байх шаардлагатай шүү дээ. Талбай, хөрсний асуудлаа хэрхэн шийдэв?

-Одоо бидний ажиллаж буй “Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк” нь орон нутгийн сум дундын 50 га талбайтай. Бид үүнээс 1.2 га газарт хүлэмж хийж тариалалтаа явуулдаг. Салхинаас хамгаалж, нөмөр болгож хийсэн ойн 23 га газар байдаг. Бид одоогоор энэ газарт өвлийн хоёр хүлэмж, зуны 15 хүлэмжид үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?

-Бид одоогоор тавуулаа ажилладаг.

-Гүзээлзгэнэ жимсний мод бас тарьдаг гэж сонссон. Ер нь ямар ямар төрлийн жимс тарьж байна?

-Тийм ээ. Жимсний хувьд алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, чацаргана болон шинээр усан үзэм нэмж тариалж, туршиж байгаа.

-Монголд тарьсан усан үзийн амт чихэрлэг, хэмжээ нь арай жижиг байдаг гэдэг шүү дээ. Яагаад ингэж ургадаг талаар мэргэжлийн үүднээс тайлбар хэлээч?

-Жимс нь жижиг байгаагийн учир нь жимсний тандалт хийгээгүй болохоор тийм жижиг гардаг. Монголд тарьсан усан үзэм хөрс болон уур амьсгалаас хамаараад японд болон олон улсад тарьсан усан үзмүүдээс илүү амттай гардаг.

-Монголын уур амьсгал жимсний амт, чанарт нөлөөлдөг үү?

-Халуун оронд өдөр нь ч халуун, оройн нь ч халуун агааргүй бүгчим байдаг. Харин монголд өдөр нь халуун, оройн нь сэрүүхэн дээрээс нь салхитай. Тиймээс цаг агаарын байдлаас шалтгаалаад жимсний амт нь илүү гоё байдаг. Усан үзмийг одоохондоо мэдэхгүй ч гэсэн гүзээлзгэнэ, помидор, тарвас гэх мэт жимснүүд бүгд цаг агаарын байдлаас болоод амт нь арай чихэрлэг байдаг.  

-Цаашдын зорилго нь юу байгаа вэ. Төлөвлөсөн зүйл бий юу?

-Бид ганц усан үзмээр дагнахгүй. Цаашлаад энэ жилээс эхлээд мандарин бас туршиж үзнэ гэж бодож байгаа. Мөн урт хугацаа шаардах ч гэсэн дотоодын жимсний хэрэглээг  100 хувь хангаж чадахгүй ч гэсэн байгаа орчиндоо усан үзмээ тариалж, гаргана. Ойр орчимдоо 100 хувь органик ямар нэг химийн бодис хэрэглэхгүй 100 хувь органик жимс зах зээлд гаргана гэсэн бодол зорилготой байгаа. Мөн монголд ургадаг жимсний мод гэхээс илүү ургуулж болох жимсний мод тариалах тал руугаа чиглээд явъя гэж бодож байгаа.

-Манай уншигчид таны ярилцлагыг уншаад тариалангийн талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсэж байж магадгүй юм. Таны хувьд жимсний мод тарих гэж байгаа хүмүүст мэдээллээ хуваалцаж, зөвлөгөө өгдөг үү?

-Бид нээлттэй зөвлөгөө өгдөг. Энэ ташрамд хэлэхэд, говьд жимсний мод ургадаггүй, ургуулах боломж байдаг уу гэж олон хүн асуудаг. Ер нь говьд жимсний мод ургах хамгийн боломжтой газар шүү. Цаг уурын хувьд нэг сарын өмнө дулаарч эхэлнэ. Нэг сарын дараа хүйтэрнэ. Нэг асуудал бий тэрийг давж чадвал мод тарьж, жимс арвин авах боломжтой. Хавар шороо их байдаг учраас цэцэглэх үед нь цэцгийг нь сайхан хамгаалж өгч байгаарай. Тэрийг л хамгаалж чадвал говьд жимсний модноосоо тодорхой хэмжээний жимс авах боломжтой шүү гэж хэлмээр байна. Жимсний мод тарьж ургуулсан ч гэсэн багаас нь буюу нэг нас, хоёр настайгаас нь эхлээд тандалт сайн хийж байхгүй бол манай монголчууд нэг модноос эрчимтэйгээр их хэмжээний жимс авахын тулд тандалт арчилгаагаа хийхгүй ургуулаад нөгөө мод нь эхний нэг жилдээ ургац хураасан ч гэсэн дараагийн жилдээ ургац хураахгүй ч юм уу, амт чанарын хувьд ч муу байдаг. Тандалт, тариалалтаа журмынх нь дагуу хийх юм бол амт, чанар нь илүү гоё чанартай байдаг шүү.

-Цаг зав аа гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.

ФОТО: