ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол эмэгтэйчүүд нөхөртөө зодуулсан ч гэмт хэрэг гэж үздэггүй

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол эмэгтэйчүүд нөхөртөө зодуулсан ч гэмт хэрэг гэж үздэггүй

Монгол улс бэлгийн болон биеийн хүчирхийллийн үйлдлээрээ Азийн орнуудаас өндөрт бичигдэж байна...Монголын нийгэм хүчирхийллийг ичгүүр гэж хүлээн авч, эмэгтэйчүүдийг буруутгаж байна....Монголд олон эмэгтэй нөхөртөө зодуулчхаад, түүнийг гэмт хэрэг гэж үздэггүй...Америкийн сэтгүүлч Жулиа Дуин “Монголд эмэгтэйчүүд амьдрах нь” нийтлэлдээ ийн бичжээ. Тэрээр НҮБ-ын Монголд хийсэн судалгааг үндэслэн, Монгол эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцан дараах нийтлэлийг бичсэн байна. Ингээд та бүхэн Монголын эмэгтэйчүүдийн амьдрал түүний бичвэрт хэрхэн буусныг сонирхоно уу.

“МОНГОЛЧУУДЫН ДУНД СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ АВАХ, СЭТГЭЛ ЗҮЙЧИД
ХАНДАХЫГ СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ ХҮМҮҮС Л ХИЙДЭГ ЗҮЙЛ ГЭХ
ТҮГЭЭМЭЛ ОЙЛГОЛТ БАЙДАГ”

Ханцуйгүй хар даашинз өмссөн, хүрэн үстэй Монгол бүсгүй Улаанбаатарын нэгэн оффист суун 18 насандаа хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьсан юм. “Би цагдаад мэдэгдэж чадаагүй, учир нь үүнийг нууцлахыг хүссэн. Тухайн үед автобусанд сууж явахын оронд, зам товчилж аюултай газраар явсан өөрийгөө л буруутгаж байсан” гэж ярих энэ бүсгүйн түүх тун гунигтай. Хэдэн жилийн дараа халдлагад өртөж байсан тухайгаа нөхөртөө хэлэхэд нөхөр нь түүнээс салсан аж. Тэр одоо хоёр хүүтэй, ганц бие, өрх толгойлсон ээж. Түүний зөвлөгч Ж.Янжмаа 1990-ээд оноос хойш Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх ажлыг хийжээ. Харин сүүлийн үед хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах ажлыг хийх болсон. 

Ж.Янжмаагийн хэлснээр “Монголчуудын дунд сэтгэл зүйн зөвлөгөө авах, сэтгэл зүйчид хандахыг сэтгэцийн гажигтай хүмүүс л хийдэг зүйл гэх түгээмэл ойлголт байдаг. Энэ тал дээр нэлээн хаалттай, “дотогшоо” хүмүүс. Манай улсад амиа хорлох, хүчирхийлэл их гардаг. Монголд амьдарна гэдэг их хэцүү” гэсэн юм. Миний ярилцсан эмэгтэйн адилаар Ж.Янжмаа ч гэсэн бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ.

2017 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас /НҮБ/ анх удаа Монголд “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа” хийсэн байдаг. 2018 оны зургадугаар сард гарсан судалгаанаас үзвэл Монгол улс бэлгийн хүчирхийллээр Азийн орнуудаас өндөр үзүүлэлттэй гарсан юм. Энэхүү судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь /31.2 хувь/ урьд нь харилцаатай байсан хэн, нэгний биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг бөгөөд хамгийн аюултай газар нь тэдний гэр болон гудамж байдаг аж. Хүчирхийлэл нь цохих, алгадах, түлхэх, боох, зэвсгээр заналхийлэх зэргээр илэрдэг. Мөн мал аж ахуй эрхэлдэг эмэгтэйчүүдийн нэг хувь нь морьтой эрэгтэй хүнээр хөөлгөж, ташуурдуулж байсан гэнэ.

ХҮЧИРХИЙЛЭЛ НЬ МОНГОЛЫН АМЬЖИРГАА БАГА, ЯДУУ ДАВХАРГААС
ЭХЛЭЭД ДЭЭД УДИРДЛАГАД Ч БАЙДГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод НҮБ-ын энэхүү судалгааг танилцуулах үед “Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, 25 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр албан тушаалаасаа огцорч, хоёр жилийн хорих ял авсан” талаар ярьсан юм. Энэ нь, хүчирхийлэл Монголын амьжиргаа бага, ядуу давхаргаас эхлээд дээд удирдлагад ч байдгийг харуулж байна. Жендерийн тэгш байдлыг хангах олон улсын хөдөлгөөний гишүүн Ж.Янжмаа “Статистикч хүний хувьд дүгнэвэл Монголын эмэгтэйчүүдийн гуравны нэгээс их хувь нь хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай.

Монголын нийгэм хүчирхийллийг ичгүүр гэж хүлээн авч эмэгтэйчүүдийг буруутгадаг. Гэр бүлийн хүчирхийлэл маш их байдаг” гэв. Ж.Янжмаа бол дөрвөн хүүгийн ээж. Тэрбээр “Дөрвөн хүүгийн ээжийн хувьд хөвгүүдээ эмэгтэйчүүдийг хүндэлдэг болгон хүмүүжүүлэх нь их хэцүү. Учир нь нийгэм эмэгтэй хүнийг буруутгах сэтгэхүйтэй байна шүү дээ” гэж хэлсэн юм.

МОНГОЛЧУУД ЭРЭГТЭЙ ХҮҮХДЭЭ“ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД БААТАР ШИГ БАЙХ
ЁСТОЙ, ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ” ГЭЖ СУРГАДАГ

НҮБ-ын судалгааг боловсруулахад тусалсан Монголын үндэсний статистикийн газрын дарга А.Ариунзаяа “Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг ярихаас илүүтэй залуу хөвгүүд, эрэгтэйчүүдтэй илүү ажиллах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдэд багаас нь эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэхийг зааж төлөвшүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн юм. Түүний хэлснээр хүчирхийлэлд зөвхөн эмэгтэйчүүд өртдөг юм биш, эрэгтэй хүүхдүүд ч өртдөг бөгөөд хүүхдүүдийн гэрт бүх зүйл болдог аж.

Мөн Монгол охидын 23 хувь, хөвгүүдийн 33 хувь нь гэртээ ямар нэгэн байдлаар бие махбодийн хүчирхийлэлд өртдөг. Эрэгтэй хүүхдэд бага анхаарал тавьж, боловсролыг нь анхаардаггүй. Монголчууд эрэгтэй хүүхдээ “Эрэгтэй хүүхэд баатар шиг байх ёстой, эрэгтэй хүүхэд уйлдаггүй” гэж сургадаг. Эрэгтэй хүүхэддээ дотно харьцаж, ярилцах нь бага.

Үүнээс гадна маш олон эмэгтэйчүүд хүчирхийллийг ойлгодоггүй. Нөхөртөө зодуулчхаад “танихгүй хүн биш, нөхөр маань” гэсэн өнцгөөр хардаг. Судалгааны үр дүнгээс харахад нийт эмэгтэйчүүдийн 33 хувь нь нөхрийнхөө хүчирхийлэлд өртдөг гэсэн хариултыг өгчээ. Гэрийн ажлаа хийгээгүй, үгэнд ороогүй, маргалдсан, нөхрөө хуурсан байлаа ч энэ бол тэднийг зодох үндэслэл болохгүй. Монгол эмэгтэйчүүд хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэхгүй байна.

Эх сурвалж: Foreignpolicy