Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, есдүгээр сарын 12-нд /2024.09.12/ баталсан.
Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг 48 хоногийн сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар боловсролын салбарт ажиллах хүний нөөц, боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдэж байв. Уг шийдвэр зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулсан ч Боловсролын яамнаас 45 хоногт багтаан багшлах эрх олгохыг сургалтыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан байна. Тодруулбал, МУБИС, Олон улсын Улаанбаатар эрдэм их сургууль, СЭЗИС-ийн харьяа Боловсролын их сургууль, Орхон, Отгонтэнгэр их сургуульд 45 хоногийн багш бэлтгэх сургалтыг явуулжээ. 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий.
Тэгвэл 45 хоногийн сургалтыг төгссөн эхний ээлжийнхэн хоёрдугаар улирлаас багшилж эхлэх аж. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Багшлах боловсон хүчний дутагдалтай газар гэрээтэйгээр Байгалийн ухаан болон математикийн хичээлийг зааж, ажиллана" гэжээ. Журмын дагуу цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулж байна. Харин мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авах юм. Тэгвэл багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтын төлбөр 1,053,000 төгрөг аж. Харин бүртгэлийн хураамж 30.000 төгрөгийг төлж тус сургалтад хамрагдах юм байна.