Т.Оюунжаргал: Салоны үйлчлэгчээс улсад татвар төлдөг бизнес эрхлэгч, “тэрбумтан” үсчин болохын тулд 20 гаруй жил хөдөлмөрлөсөн

Т.Оюунжаргал: Салоны үйлчлэгчээс улсад татвар төлдөг бизнес эрхлэгч, “тэрбумтан” үсчин болохын тулд 20 гаруй жил хөдөлмөрлөсөн

Үсчний салонд үйлчлэгчээр ажилд орж, хорь гаруй жилийн дараа “Тэрбумтан үсчин” гэх тодотголын эзэн болж өөрийн гэсэн бизнестэй, татвар төлөгч болсон нэгэн. Түүний туулсан замнал дардан байгаагүй нь мэдээж. Өөртөө, өөрийн амьдралдаа эзэн байж чадсан Даагий буюу Т.Оюунжаргал үсчинтэй бид ярилцлаа.

ВИДЕО:

Юуны өмнө үзэгч, уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?   

Намайг Т.Оюунжаргал гэдэг. Даагий гэдэг нэрээр минь хүмүүс мэдэх байх. Миний мэргэжил бол хүмүүсийг баярлуулдаг үсчин. Би энэ мэргэжилдээ маш их дуртай. Үсчний хажуугаар нэг мэдсэн чинь бизнес эрхлэгч болчихсон байсан.

Сайн үсчин байх нэг хэрэг. Сайн үсчин, сайн мэргэжилтэн тэр бүр сайн бизнес эрхлэгч байж чаддаггүй. Харин та аль алийг нь хийж чаджээ?

Олон жилийн өмнө автобусны 1000 төгрөг эмээгээсээ аваад л өдөр бүр Улаанбаатар хотыг ээрч тойрч явдаг байлаа. Би тэр үед бодсон. “Надад сургалтын төлбөр байхгүй. Мөнгө байхгүй. Тэгэхээр би нэг үсчний газар ороод цэвэрлэгч, үйлчлэгч хийж байгаад үсчин болчихьё” гэж боддог байлаа. Яг энэ бодлынхоо дагуу тухайн үед УИД-ийн урд талын “Сөүл” салонд үйлчлэгчээр ажилд орсон. 2002 оноос 2008 он хүртэл “Сөүл” салонд би ажилласан. Би анх үйчлэгчээр орсон. Дараа нь үс угаагч болсон. Энэ үед би үсэнд шулуун хими хийхээс эхлээд үсэн дээр ажиллаж сурсан байсан. Тухайн үед манай нэг менежер текритээ аваад явсны дараа намайг менежер болгосон. Ингээд би хүн удирдаж сурсан. Салоны бүх менежментүүдийг утсаа авах, зочноо угтах үдэх, төлбөр тооцоо хийх гэх мэт бүх ажлыг сурсан. Миний амьдралд хамгийн том эргэлтийн цэгийг хийсэн хүн бол Даваа эгч байдаг. Даваа эгч надад “Чи ер нь болчихжээ. Маш олон үйлчлүүлэгчтэй болсон байна. Чи үйлчлүүлэгчдээ аваад гарахад чадах юм шиг байна” гэж хэлсэн. Тухайн үед би үйлчлүүлэгчдийнхээ утасны дугаарыг дэвтэр дээрээ тэмдэглэдэг байлаа. Надад 130 хүний дугаар байсан. “Би гараад хангалттай ажиллаж чадах юм байна” гэж бодоод суудал түрээслэсэн. Гэтэл гурван сарын хугацаанд надад 30 хүн л ирсэн. Сүүлдээ бүр суудлын өрөнд орсон. Тэгээд би их дэлгүүр рүү гараад ном уншдаг болсон. Худалдаж авах мөнгө байхгүй. Номынхоо хуудсыг цээжилчихээд маргааш нь үргэлжлүүлж уншдаг байсан. Тэр номуудыг уншаад би “Зах зээл дээр байр сууриа олохын тулд нийгмийн сүлжээг ашиглах ёстой” гэж бодсон. Би тэр зөвлөгөөнүүдийг зүгээр л дагаад хэрэгжүүлээд байдаг байсан. Тэгээд би мөнгөө цуглуулж цуглуулж байгаад C1 телевизийн продюсер Оюунаад өгөөд тэдний ярилцлагад орсон. Ярилцлаганд орчихоод салон дээрээ ирсэн чинь салоноор дүүрэн хүмүүс сууж байсан. Тэр үед би “Амьдралд боломж байдаг юм байна. Битгий алдаарай” гэж бодогдсон. Яг одоо тэр үеэ бодсон чинь ямар олон зүйлийг ажрахгүй туулчихсан юм бэ гэж өөрийгөө шагнамаар мэдрэмж төрж байна.

Өнөөдрийг хүртэл олон унаж, олон боссон байх. Унах бүрт босох тэнхлийг яаж, хэнээс авдаг байсан бэ?

Салондоо засвар хийчихээд маргааш нь бүхнийг цоо шинээр эхлэх гээд байж байтал өглөө нь нэг ширхэг ч багийн гишүүн ирээгүй. Бүгдээрээ юмаа аваад явчихсан. Ганцаараа салоныхоо барилгын дараах цэвэрлэгээг хийгээд байж байхдаа хөлөө бохирч суугаад уйлсан. Мэдээж энэ бүхнийг би “инээж” давсан гэж хэзээ ч хэлэхгүй. Надад уйлах, сэтгэл гутралд орох, нойргүйдэх, өвдөх, нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг рүү өргүүлээд явах үеүд зөндөө байсан. Гэхдээ би “Энэний ард нэг бэлэг байгаа. Энийг би давчих юм бол Бурхан намайг шагнана” гэж боддог. Би уналт ирэх бүрт “Энийг л давах ёстой” гэж боддог. Мэдээж надад бусдын адил дөрвөн сайхан үр минь байна. Ажил, хамт олон байна. Би “үхэж болохгүй”, “өвдөж болохгүй” гэдэг зүйлс байсан.

Бас нэг түүх яримаар байна. Би анх дөрөвдүгээр ангидаа төмс тарих талбайн зүлгийг зулгааж байсан. Энэ миний анхны ажил байлаа. Дараа нь сүү тараг зардаг болсон. Ер нь багаасаа л бизнес хийгээд эхэлсэн. Богд ууланд гараад самар түүгээд Маршалын гүүрний хажууд цагдаад самраа хураалгаад уйлаад сууж байх үе зөндөө байсан. Маш олон уналтууд миний амьдралд байсан. Босох шалтгаан нь “Сүү зарж байсан үеэ бодоход би өнөөдөр будаг зараад зогсож байна”, “Самар зарж байсан үеэ бодвол өөрийн гэсэн үйлчлүүлэгч, ур чадвар, хөрөнгөтэй болсон байна” гэж боддог. Тэгэхээр одоо би юунд нь уйлж суух юм бэ гэж бодоод бүх зүйлийг давж гардаг.  

-ХӨРӨНГӨ ЧИНЭЭТЭЙ АЙЛД ТӨРӨӨГҮЙГЭЭС ХОЙШ НАДАД ХӨДӨЛМӨРЛӨХӨӨС ӨӨР СОНГОЛТ БАЙГААГҮЙ-

Таныг өнөөдрийн амжилтад хүрэхэд тусалж байсан зарчим, үнэт зүйл юу байв. Эндээс л хазайхгүй юм шүү гэж баримталж ирсэн “жанжин шугам” юу байв?

Өнөөдөр л би энэ хүнийг гоё гаргана. Өнөөдрийн ажлыг 100 хувь хийвэл болно. Би сурч боловсорч чадаагүй. Миний амжилтын үндэс бол ерөөсөө л хөдөлмөр байсан. Өнөөдөр орж ирж байгаа хүнийг цор ганц, ахиад үйлчлүүлэгч орж ирэхгүй юм шиг хүлээж ав гэж боддог. Ямар сайндаа шавь нартаа хэлдэг. Үс ширхэгийнхээ тоогоор хараадаг шүү. Тийм учраас үсийг эрхлүүлж байгаарай гэж хэлдэг. Миний амжилт бол ерөөсөө л хөдөлмөр байсан.

Нэг өдөр миний сэтгэлзүй жаахан тиймэрхүү сууж байсан чинь миний үйлчлүүлэгч Цэдэвдамбын Оюунгэрэл эгч орж ирээд намайг тас тэврээд “Зүгээр ээ чадна. Амьдрал гэдэг амаргүй ш дээ. Чи хангалттай мундаг байгаа. Өнөө маргааш хоолоо яая гэсэн хүмүүс байхад чи энэ олон хүний ажил амьдралыг тэгшлээд явж байна” гэж хэлсэн. Тэгэхэд “Хамаг биений хөлс гарах шиг болсон”. Миний үйлчлүүлэгч нар орж ирээд дандаа тэвэрдэг.  Хийлч Дээгий эгч байна. Нуруун дээр хоёр гурав цохиж аваад л “Зоригтой бай. Чи чадна” гэдэг. Энэ бүхэнд бэрхшээлийг даван туулж байдаг. Угаасаа баян ээж ааваас төрсөн биш. Угаасаа хөрөнгө чинээтэй айлд төрөөгүйгээс хойш бид хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Харин үүнийг хүүхдүүддээ ойлгуулах юм сан гэж боддог.

Тэрбумтан үсчин” гэх тодотголын эзэн болсон талаараа хуваалцахгүй юу?

Өрөг.мн сайтын сэтгүүлч Болорчимэг “30 алдартай хүний амьдралаар ном бичих гээд надад санал тавьсан. Тэр дунд Хасын Ганхуяг гэх мэт маш мундаг хүмүүс байсан. Тэр ярилцлагын дараа сэтгүүлч Болорчимэг ярилцлагаа гарчиглахдаа “Тэрбумтан үсчин” гэж нэрлэсэн. Түүнээс хойш ийм цол хэргэм хүмүүсээс хүртсэн. Хамт ажилладаг хүн минь надад “Чамайг ингэж нэрлээд байна. Болиулаач. Онигоотой юм” гэж хэлж байсан. Би тэгэхэд нь “Миний байр, бизнес гээд надад байгаа зүйлс тэрбум төгрөгт эргэлдэж байна ш дээ. Нэг талдаа амны билэгтэй гоё юм биш үү”  гэж хэлж байсан.Нөгөө талдаа үсчин хүн гэхээр ажил амьдрал олдохгүйдээ хайч сам хоёр бариад зогсдог юм биш ш дээ.

Тэр битгий хэл дэлхийн алдартай үсчингүүд хамгийн баян харшид амьдардаг. Хамгийн сүүлийн үеийн машиныг авч унадаг. Мянган доллараар үс засч байна. Би ч гэсэн гадагшаа явахаараа 2000 доллараар үс засдаг.

-ӨӨРӨӨСӨӨ Ч ӨӨРИЙГӨӨ НУУЖ ЯВДАГ БАЙСАН-

Зохиолч Х.Болор-Эрдэнэ “Үлгэр дуустал хайрлана” зохиолоо таны амьдралаас сэдэвлэж бичсэн гэж сонссон. Энэ талаар хуваалцахгүй юу?

“Үлгэр дуустал хайрлана” гэдэг зохиол бол тэр чигээрээ миний амьдрал. Энэ зохиолынхоо гол дүрийг болгосон Халтарын Болор-Эрдэнэ эгчдээ баярлалаа. Маш олон хүнд хүрсэн. Бараг нэг жил бестсэллэрээс буугаагүй. Ер нь хүмүүсийг сонсоод байсан чинь багадаа үзсэн амьдралын бэрхшээл, сэтгэлзүйн траумагаа би маш их нуудаг. Өөрөөсөө ч өөрийгөө нууж явдаг юм байна гэдгээ би анзаараад хүмүүс миний даван туулсан түүхийг уншаад урам аваасай гэж бодоод зөвшөөрсөн. Энэ бол сэтгэлзүйн роман. Яг энэ номыг уншаад хүн сэтгэл гутралаасаа гарлаа, би ганцаараа биш гэдэг мэдрэмжийг авлаа, бүр чамайг “үлгэрхэн охиныг” тэвэрмээр санагдлаа гэдэг. Энэ зохиолыг уншаад уйлсан гэдэг. Хүмүүсийг уйлсан гэхээр би баярладаг. Яагаад гэвэл уйлж хүн эдгэрдэг. Маш олон хүн надад тэгж хэлдэг.

Үсчин гэх ажил мэргэжлийн сайн сайхан нь юундаа байдаг вэ?

Өдийг хүртэл зөндөө олон хүний урвалт шарвалт, зөндөө олон хүнээс доош нь хийсэн хандлага, мэдрэмжүүдийг авч байсан. Арга хэмжээн дээр “Өө чи үсчин гэл үү” гэнэ. Тийм ээ, би чинь үсчин хүн. Хүний тэргүүнд хүрдэг хүн. Хүмүүс өөрийнхөө тэргүүнд таарсан болгоныг хүргээд байдаггүй. Зөвхөн үсчин хүн дээр очоод л хүргэдэг. Тийм учраас үсчин хүн чинь цаанаасаа төрдөг. Энэ ажлыг хийх гэж төрдөг хүмүүс гэж боддог.

-УЛСДАА ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА МИНЬ "МИНИЙ ХУВЬД БАХАРХАЛ"-

Танай компани жилд хэдэн төгрөг улсад төлдөг вэ?

Надад анх компани байгуулах үед “улсын өмнө хариуцлага хүлээж байна” гэдэг нь маш их таалагдсан. Улсдаа татвар төлөөд хүмүүс минь орон байртай болж, компани минь үр хүүхдэд минь үлдэнэ гэхээр гоё санагдсан. Өөрийн мэдэлгүй энэ бизнес рүү орсон. Явцын дунд бол үнэхээр өөрийгөө 0 байгаагаа анзаарсан. Ямар ч хүн удирдах чадвар байхгүй, ямар ч стратеги, бодлого төлөвлөлт байхгүй ямар ч удирдагч хүний шинж чанар байхгүй байсан. Явцын дунд хүн өөрөө сурдаг юм билээ. Одоо ч гэсэн сурсаар байна. Сургууль ч төгсөөгүй, бизнесийн чиглэлээр сураагүй надад компани байгуулж, бизнес эрхлэнэ гэдэг надад том даваа байсан.

Харин одоо бол ажлын байран дээр хүний нөөц олон байхдаа бус чанартай байх нь чухал гэдгийг ойлгосон. Байгууллагын хувьд би төлөөгүй. Манай баг хамт олон татвар төлдөг. Би тэдний түүчээ урд нь яваа хүн. Миний баг хамт олны жилдээ төлдөг татвар 100 орчим сая байдаг. Гааль, нөат, цэвэр ашгийн татвар гээд орж ирнэ. Улсдаа татвар төлж байгаагаа би “Миний бахархал гэж боддог”. Маш олон хүмүүсийн цалинд нэмэр болж байгаа. Энэ бүхнийг би өөрийн хөлс хөдөлмөр, үнэн зөвөөрөө явж бий болгосон.