Н.Ариун-Эрдэнэ: Гар утасны хамааралтай хүүхдэд цаг гаргаад эхлэхээр маш хурдан засардаг

Н.Ариун-Эрдэнэ: Гар утасны хамааралтай хүүхдэд цаг гаргаад эхлэхээр маш хурдан засардаг

Гэрийн хойморт өргөн дэлгэцтэй том зурагтаар хүүхэлдэйн кино гарна. Бяцхан үр нь байрнаасаа хөдлөлгүй хэдэн цаг суун үзсэнийг хэн ч анзаарах сөхөөгүй. Учир нь тэд гар утсаа ноолон, хүүхдэдээ анхаарах завгүй байна. Аль эсвэл ажил дээрээ ядарсан гэх шалтгаанаар хүүхэд нь уйлахад утсаараа “угжиж” орхино. Ерөөс энэ бол орчин үед айл гэрт түгээмэл харагддаг дүр зураг гэдэгтэй та маргахгүй биз ээ.

Сүүлийн хоёр сар хөл хорио тогтоон, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор хүүхдүүдийн гар утасны хэрэглээ бүр ч ихсэх боллоо. Хичээл орохгүй, гэрээс ч гарч болохгүй тул уйдсан хүүхдүүд өдөр хоногийг зурагт ширтэн, гар утасны тоглоом тоглон өнгөрөөх нь олонтаа. Иймээс бид бага насны хүүхдийн гар утасны хэрэглээний талаар болон хэт хэрэглээ нь хүүхдийн сэтгэл зүй, зан аашинд хэрхэн нөлөөлдөг, үүнийг хэрхэн зөвөөр шийдэж болох талаар Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.

Н.Ариун-Эрдэнэ

-ХҮҮХДЭЭ БАГААС “ДИЙЛЭХГҮЙ” УТСААР АРГАЦААГААД БАЙВАЛ ӨСӨЖ 
ТОМРОХ ҮЕД НЬ  АРГА ЭВИЙГ НЬ БҮР ОЛЖ ЧАДАХГҮЙ-

-Сайн байна уу. Ярилцлагаа бага насны хүүхдийн төлөвшлийн талаар эхлүүлье гэж бодлоо. Ер нь хүүхдийн төлөвшил хэдэн наснаас эхэлдэг вэ?

-Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. 0-6 насанд бие хүний зан төлөвийн 80 хувь нь төлөвшиж байдаг. Барилгаар бол суурь тавигдаж байна гэсэн үг. Энэ үед ээж аав нь хүүхдэдээ бодитойгоор нөлөөлөх нь хамгийн чухал. Хүүхдийн суурь хүмүүжил ямар байна, том болоод тийм л хүн болно гэсэн үг шүү дээ. Гэтэл сүүлийн үед эцэг эхчүүд бага насны хүүхдээ уйлах болгонд л утсаар аргацаадаг хандлага түгээмэл ажиглагдах болсон. Хүүхдээ багаас “дийлэхгүй” утсаар аргацаагаад байвал өсөж томрох үед нь бүр арга эвийг нь олж чадахгүй.

-Зурагт, гар утсыг олон цагаар ашиглах нь нь хүүхдийн зан ааш, болон сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ?

-Ер нь манай төвд ирж буй хүүхдүүдийн ихэнх нь зурагт утасны хамааралтай хүүхдүүд байдаг. Хүүхэд байнга гар утас болон зурагт үзээд байвал сэтгэл зүй, болон зан аашинд нь муугаар нөлөөлдөг. Жишээ нь нойрны асуудалтай болдог. Шөнөжин гар утас оролдоод, өдөр нь унтдаг нойрны буруу дадал хэвшилтэй болчихдог. Гэтэл өдрийн нойр хэзээ ч шөнийн нойрыг нөхөж чадахгүй шүү дээ. Хүүхэд тогтсон цагтаа унтаж амарснаар дархлаа сайжирч, өсөлт хөгжил нь хэвийн явагдана. 0-6 нас бол хүүхдийн мэдрэлийн эс  хамгийн эрчимтэйгээр хөгждөг үе.  Гэтэл тэр үе дээрээ утаснаас хамааралтай болчихвол эс нь хөгжихгүй. Цаашлаад хүнтэй амьд харилцаанд орохоос төвөгшөөдөг, зөвхөн утсаа л гэдэг болчихдог. Хүнтэй харилцахгүй байна гэдэг хүүхдийн хэл ярианы хөгжил, төсөөлөн бодох чадварт хүртэл муугаар нөлөөлдөг. Жишээ нь авиа буруу дуудах, өгүүлбэрээ бүтнээр хэлдэггүй, хүнд ойлгуулж чадахгүй гэх мэт. Бас ямар нэгэн зүйл хийхдээ эв дүйгүй болдог. Зан аашийн хувьд уур уцаартай, түрэмгий, уйланхай, зөрүүд болох нь бий. Утсыг нь авахад чангаар уйлж, орилох үйлдэл түгээмэл ажиглагддаг.

-Тэгвэл бие махбодын хувьд ямар нөлөөтэй вэ?

-Мэдээж нүдний хараанаас эхлээд сөргөөр нөлөөлнө. Ойроос зурагт үзэж, утас нүдэн дээрээ наах шахуу хэрэглэдэг. Тэгээд л бага насны хүүхдүүд харааны шил зүүх нь ихсэх болсон шүү дээ. Дараагийн нэг асуудал нь хөдөлгөөний дутагдал. Бага насны хүүхэд хөдөлж тоглож үсэрч байхдаа аливаа мэдэрч, таньж байдаг. Юмсын хатуу, зөөлөн, ширүүн,  халуун хүйтэн  шинжийг танин мэддэг. Гэтэл хөдөлгөөнгүй олон цагаар утас оролдож эхлэхэд хөдөлгөөний дутагдалд орж, юмсын шинж чанарыг ялгахаа байдаг. Манай төвд өвлийн хүйтнийг мэддэггүй хүүхэд хүртэл ирж байсан.

-ЭЭЖ, ААВИЙН ХАЙР, ХАЛАМЖ ДУТАГДСАН ХҮҮХЭД ТЭРИЙГЭЭ
УТСААР НӨХДӨГ-

-Гар утас, комьпютерийн донтолтод ихэвчлэн хэдэн насны хүүхдүүд өртөж байна?

-Сүүлийн үед 6 сартай хүүхэд хүртэл гар утас, зурагтын хамааралтай болчихсон. Ер нь ажиглаад байхад айлын ганц хүүхэд зурагт утасны хамааралтай болох нь их байдаг. Аав ээж нь хүүхэдтэйгээ тоглох завгүй, хамт тоглох ах эгч байхгүй учир зурагтаар хүүхэлдэйн кино үзэж, утас оролдсоор байгаад сүүлдээ донтчихсон байдаг. Дараа нь бодит амьдралд гарч, найз нөхөдтэй болоход харилцааны  асуудлууд тулгарч эхэлдэг.

-Хүүхэд гар утас, комьютерийн тоглоом, зурагтад донтоход хамгийн ихээр юу нөлөөлдөг юм бол?

-Хамгийн ихээр аав ээжүүд нь нөлөөлдөг. Бага насны хүүхэд ер нь ээж аавтайгаа барьцдаг. Эцэг эхчүүд нь өөрсдөө байнга зурагт үзэж, утас оролдоод байвал хүүхэд эргээд тэр үйлдлийг нь дууриана шүү дээ. Ер нь эцэг эхчүүдийн сэтгэл зүйн хэрэгцээ хангагдахгүй болохоор хүүхдэдээ анхаарал тавих нь багасдаг. Өдөржин завгүй ажилласан ээж аавууд, ажил гэр бүлийн асуудлаа зохицуулж чадахгүй гэртээ ирээд амрахыг л бодно. Гэтэл өдөржин гэртээ байсан хүүхэд ээж, аавтайгаа харьцахыг хүснэ шүү дээ.Тэгэх болгонд нь “Ядаргаатай юм бэ, ээж, аав нь ядраад байна” гээд утсаа өгөөд аль эсвэл зурагтаа үз гээд орхичихдог. Нөгөө талаар ээж аавийн хайр халамж дутагдсан хүүхэд тэрийгээ утсаар нөхдөг.

Бас аав, ээж нар хүүхдийнхээ хажууд дайн байлдаантай, сүнстэй, дайн байлдаан хүчирхийлэл харуулсан кино их үздэг. Түүнээс нь болоод хүүхэд айдастай, түгшүүртэй  болчихдог. Саяхан таван настай хүүхэд spider man-ий хувцас өмсөөд цонхоор үсрэх гэж байсан хэрэг гарсан. Хүүхэд төсөөлөхдөө өөрийгөө нисэн гэж бодсон. Гэвч түүнийг ээж, аав нь сайн тайлбарлаж өгөх ёстой шүү дээ. Аливааг хүүхдэд тайлбарлаж өгснөөр танин мэдэхүй нь хөгждөг. Унавал гэмтдэг, халуун зүйлд хүрвэл гар нь өвдөнө гэх мэт энгийн зүйлийг ч тайлбарлаж өгөх ёстой. Нөгөө талаар аав нь хүүхдэдээ бодитоор нөлөөлж чадахгүй нөхцөлд хүүхдүүд үзэж байгаа хүүхэлдэйн киноныхоо баатрыг шүтэх, дууриах хандлагатай байдаг.  

-МИНИЙ ХҮҮХЭД БУСДААС ДУТАХ ЁСГҮЙ, БУСДАД МУУГАА ҮЗҮҮЛЭХГҮЙ
ГЭЭД ҮНЭТЭЙ ГАР УТАС АВЧ ӨГДӨГ. ЭНЭ ХАМГИЙН БУРУУ-

-Хүүхдээ утас, зурагтад донтоход эцэг эхчүүдийн гаргадаг ямар түгээмэл алдаанууд байдаг вэ?

-Ээж аав нар хүүхдээ утсанд донтсоныг ойлгодоггүй. Сүүлийн үед утас компьютерт донтохыг эмгэг гэж үздэг болсон. Эцэг эхчүүдэд нэг сөрөг хандлага ажиглагддаг. Миний хүүхэд бусдаас дутах ёсгүй, бусдад муугаа үзүүлэхгүй гээд үнэтэй гар утас авч өгдөг. Эсвэл утсаа солихдоо барьж байсан утсаа хүүхдэдээ өгчихдөг. Энэ хамгийн буруу. Есөн настай хүүхэд хоёр сая төгрөгийн утас барьчихсан байсныг харж байсан. Тэгэхээр гэртээ дүрэм тогтоох нь хамгийн үр дүнтэй арга . Жишээ нь гэр бүлээрээ ярилцаад тогтсон цагт утас хэрэглэж, зурагт үзэх гэх мэт. 0-3 насны хүүхэдтэй хосууд хүүхэддээ өдөрт 10-20 мин зүрагт үзүүлэх гэдэг ч юм уу. Мэдээж техник технологийн эрин үед ерөөсөө хэрэглүүлэхгүй байна гэдэг учир дутагдалтай. ДЭМБ-аас хүүхдийн нас насанд нь тохирсон хэрэглэх цагийг зааж өгсөн байдаг. Бас айлууд том телевизор авдаг шүү дээ. Телевизор том, хурц байх тусмаа хүүхдийн анхаарлыг илүү татаж, илүү донтуулдаг. Зурагч жижиг байх тусмаа хүүхдийн анхаарлыг бага татна. Бас Монголчуудын дунд нэг уламжлалт ойлголт байдаг нь хүүхэд харах нь эмэгтэйчүүдийн ажил гэж үздэг. Нөхрүүд би мөнгө олж, ажил хийж байгаа учир эхнэр маань хүүхдээ харах ёстой гэж үздэг. Хүүхдийг хүмүүжүүлж, нөлөөлөхөд эцэг эхийн үүрэг энэ тэнцүү байх нь чухал. Хүүхдийн хүмүүжилд ээж дангаараа оролцоод байвал аав нь харагдахаа байж, чухал байхаа больчихдог.

-Тэгвэл эцэг, эхчүүдийн зүгээс юуг анхаарч, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?

-Мэдээж хамгийн чухал нь амьд харилцаа. Хүүхдүүдтэйгээ бодитоор харьцаж, ярилцах хэрэгтэй. Жишээ нь ном уншиж өгөх, хамт зураг зурах, шагай тоглох, хөгжилтэй зүйл хийх, тохирсон ажил даалгаад хамтдаа хийх, салхинд гарах гэх мэт. Утсанд донтож, утасны хамааралтай болсон хүүхдэд цаг гаргаад эхлэхээр хүүхэд маш хурдан засардаг. Хүүхэдтэйгээ ярилцаж, хөгжилтэй, сонирхолтой зүйлс хийж эхлэхэд долоон хоногийн дотор л өөрчлөгдөж эхэлдэг.  Ярилцаж, хүүхдээ ойлгох тусам хүүхдийн зан ааш тогтворжиж, тайван болдог. Ээж аав нь ядарч байна та нар явж тогло гэхийн оронд, миний хүү зурагтаа унтраачих хамт тоглоё гэвэл хүүхэд татгалзахгүй. Хүүхэд өсч томрох тусам маш олон сөрөг асуудалтай тулгардаг. Үүнийг ээж аавууд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж хүүхэд хүмүүжлийн тал дээр залуу ээж аавуудад мэдэхгүй зүйл гарна. Тийм болохоор сайн ярилцаж, ойлголцож, халамжлах хэрэгтэй. Ээж ааваасаа бодитоор хайр халамж авч чадахгүй бол, хүүхдийг “засах” их хэцүү.

-ДЭЛГЭЦИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭЭ ХҮҮХДИЙН ТАНИН МЭДЭХҮЙД
САЙНААР НӨЛӨӨЛДӨГ-

Техник технологийн эрин зуунд хүүхдийг гар утас, зурагтаас бүрэн тусгаарлана гэдэг амаргүй. Дэлхийн хэд хэдэн хүүхдийн байгууллагаас тухайн насны хүүхдэд тохирсон дэлгэцийн цагийг зааж өгсөн байдаг аж. Бид энэ талаар МУИС-ийн Сэтгэл судлалын багш Б.Болдсүрэнгээс мөн тодруулсан юм.

Тэрээр “Сүүлийн үед эрдэмтэд дэлгэцийн хэрэгцээ бол зайлшгүй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон. Гол нь хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг нь чухал. Дэлгэцийн зөв, зохистой хэрэглээ хүүхдийн танин мэдэхүйд сайнаар ч нөлөөлдөг гэж хэлж болно. Хүүхэд мэдээж дэлгэцээс гадна амьдралын бусад үйл ажиллагаанд оролцож байх ёстой. Тоглох, сурах, хүмүүстэй ярилцаж байж хөгжил нь хэвийн явагдана. Тэгэхээр эерэг, сөрөг тал гэж дүгнэхээс илүүтэй дэлгэцийн цагийг зөв тохируулж тааруулах нь хамгийн чухал” гэсэн юм.

Америкийн хүүхдийн эмнэлт зүйн академийн зүгээс хүүхдэд насны онцлогоос хамааран, харилцан адилгүй дэлгэц ашиглах боломж олгох тухай зөвлөжээ. Үүнд:

  • -18 хүртэлх сартай хүүхдийн хувьд видео чатаас бусад тохиолдолд дэлгэц ашиглуулахгүй байх.
  • -18-24 сартай хүүхэдтэй эцэг эх өндөр чанарын хөтөлбөрийг сонгож, хүүхдийн хамт юу үзэж байгаагаа тайлбарлан, ойлгоход туслах
  • -2-5 настай хүүхдийн хувьд хүүхдийн хөтөлбөрийг өдөрт нэг хүртэл цаг хүртэл үзэх хязгаар тогтоох. Мөн хүүхдийн хамт юу үзэж байгааг тайлбарлан, ойлгоход туслаарай.
  • -6 болон түүнээс дээш настай хүүхдийн хувьд тасралтгүй хяналт тавьж, зарцуулж байгаа цагийг хянах. Эрүүл мэндэд амин чухал нөлөөтэй хангалттай нойр авах, сайтар хөдлөх, бусад зан үйлд хохирол учруулахаас сэргийлэх гэж заажээ.