УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч хэлэлцэхээс татгалзаж, хойшлууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах саналыг байнгын хороон дарга Ц.Даваасүрэн гаргасан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулах гэхэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргалаа. Тэрээр "Тийм, үгүй гэдэг шийдвэр өнөөдөр гаргаад яах вэ. Хойшлуулах санал гаргаж байна. Гишүүд байр сууриа нэгтгэг. Шийдвэр гаргахад арай эрт байна" гэсэн юм. Горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Юмны үнийн өсөлтийг дийлэхгүй ядарч зүдэрч явахад нь нөгөө талаас маш өртөг багатай, их хэмжээний бараатай наймаалцах гээд байна. Аж ахуйн эрхлэгчдийн төлөөлөл, салбарын төлөөлөл орж ирээд УИХ-д үг хэлмээр байна. Тэгэхгүй бол Засгийн газар, УИХ-ын гишүүд хоорондоо хэрэлдээд байгаа мэт харагдаад байна. Манайхаас яг юу гаргах юм бэ. Хэдэн сая ам.доллар олж ирэх боломжтой юм. Экспорт нь нэг улстай 90 хувь болчихсон. Энэ 90 хувиа багасаад хэд болох юм бэ. Дэлхийн худалдааны байгууллага манайд бараг хамаагүй. Онол биш тоо яримаар байна.
Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: Бид дотооддоо хийж байгаа бараануудаа хамгаалчихсан. Уламжлалт хамгаалалтаа хадгалсан гэж ойлгох хэрэгтэй. Гол үйлдвэрлэл эрхэлдэг түүхий эдүүдийн хаалга нээгдэж байгаа. Өртөг нь бууна. Тухайлбал, элсэн чихэр. Ер нь мах, ноолуур, ноосон бүтээгдэхүүн, хивсээ заръя гэж байгаа. Тухайлбал, үхрийн мах 40 хувийн татвартай. Евразийн зах зээл рүү манай үхрийн мах өрсөлдөх ямар ч боломжгүй юм билээ. Энэ тэг болчихвол манайхан гаргаад эхлэх юм билээ. Дээр нь хонь, ямааны мах татваргүй болж байгаа. Уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлье гэвэл сонгох цорын ганц алхам гэдгийг бүгд ойлгочихмоор байна. Бидний хийж чаддаг бараан дээр 15 тэрбум ам.долларын импорт байна. 15 ам.доллароос хэдийг нь авч чадах вэ гэдэг нь бидний л асуудал. Евразийн сайдтай нь яриад зохион байгуулалттайгаар тэрбум ам.долларын бараа гаргана гэдгээ хэлж байгаа. Үхрийн мах 50, хонь, ямааны мах 15, малын дайвар бүтээгдэхүүн 15, хиам зайдас, нухаш 20, нөөшилсөн махан бүтээгдэхүүн 20, сүү сүүн бүтээгдэхүүн 15, зөгийн бал 15, малын яс 10, малын өөх тос, 15 ургамлын тоо 15, гоймон 15, ясны шөл 12.5, хүнсний бараа 12 хүртэлх, чихэрлэг ундаа 8-9 хувийн татвартай байгаа бөгөөд энэ бүхэн тэглэгдэнэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Евразийн эдийн засгийн холбоо 2015 онд байгуулагдсан. Үүнээс хойш ОХУ манайхыг гишүүнээр элс гэж ерөөсөө шахаагүй. Хэзээ ч тэгж хэлж байгаагүй. “Танайх ажиглагч байж болно. Эсвэл чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя” гэдэг санал хэлж байсан. Чөлөөлт худалдааны хэлэлцээр байгуулах ажлын хэсэг хоёр талдаа байгуулаад 2016-2018 оны хооронд ажилласан. Ажлын хэсэг манайд ашиггүй гэдэг тооцоо гаргасан. Энэ бол чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай. Эдийн засаг хөгжлийн яам байгуулагдсанаас хойш Ч.Хүрэлбаатар сайд оросуудтай нэлээд олон удаа хэлэлцээр хийгээд Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрээс манайх гарлаа гэдгээ 2022 онд илэрхийлсэн. Түр хэлэлцээр гэдгийг Евроазийн эдийн засгийн комисс манайд санал болгосон. Ираны загвар дээр. Иран улстай түр хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулаад гурван жилийн хугацаа нь дуусаад үндсэн гишүүнээр элсэх хэлэлцээрээ эхэлсэн. Түр хэлэлцээр бол гурван жилийн хугацаанд хэрэгжүүлээд энэ хугацаанд манай аж ахуйн нэгжүүдийн зах зээл нээгдэх юм. Бид ийм зорилготой анх саналаа тавьсан юм билээ. Ганцхан Хятад руу гаргадаг учраас манай үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаа байх. Түр хэлэлцээрийг байгуулаад гурван жилийн дараа бид гарч болно, эсвэл үргэлжлүүлж болно.