“Цэлмэг” дижитал сургууль 2024-2025 оны хичээлийн жилээс эхэлж нэгээс гуравдугаар ангийн сурагчдаа өдөрт 30 минут унтдаг болгожээ. Ингэснээр тус сургуульд Монголын анхны унтлагын цагтай сургуулиудын нэг болсон байна. Бид тус сургуулийн 1Г ангиас дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
ВИДЕО:
Биднийг 12:05 цагт очиход Ө.Оюун-Эрдэнэ багштай 1Г ангийнхны унтлагын цаг эхэлсэн байлаа. Сурагчид өөр өөрийн ширээний ард сандлаа хойш нь налуулж унтацгаасан байх агаад тус бүрт нь сургуулиас нөмрөх бүтээлэг хангаж өгсөн байв. Зарим сурагчдад эцэг эх нь унтлагын цагт нь зориулж хүзүүндээ зүүдэг аяны дэр ч бэлдэж өгчээ. Хавар болсон болоод ч тэр үү бяцхан зургаан настнууд ядарсан бололтой тухтай гэгч нь унтацгааж байсан юм. Сурагчдыг унтаж байх үед бид ангийн багш Ө.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэр бол тав дахь жилдээ ажиллаж буй, хоёр дахь бага ангиа хүлээж аваад байгаа залуухан багш юм.
-Танай анги хэдэн сурагчтай вэ?
Манай анги 14 охин, 7 хөвгүүнтэй. Нийт 21 сурагчтай.
-1Г анги өдөрт хэдэн цаг хичээллэдэг вэ. Хэдээс хэдэн цагт унтдаг вэ?
Өглөө 08:00 цагаас өдөр 14:40 хүртэл хичээл сургалтын үйл ажиллагаа явагддаг. Өглөө эхний цаг хичээл ороод өглөөний цайгаа уудаг. Өдрийн цай 11:40-12:00 цагийн хооронд ордог. Ингээд 12:00-12:30 цаг хүртэл хүүхдүүд маань 30 минут унтдаг.
-Өдөр унтах нь сурагчдад ямар эерэг сайн давуу талыг бий болгодог вэ?
Унтаж сэрсний дараа сурагчид маань хичээлээ сайн ойлгож, идэвхтэй оролцдог. Хүүхдүүд 7-8 цаг хичээллээд маш их ядардаг. Тийм учраас дунд нь 30 минут унтсаны дараа маш сэргэлэн цовоо, хичээлдээ хандах хандлага нь өөр илүү идэвхтэй болсон байдаг.
-Унтлагын цагт сурагчид дуртай юу?
Манай ангийн хувьд хүүхдүүд маань нэгдүгээр ангийнхан. Цэцэрлэгээс дөнгөж сургуульд шилжсэн учраас унтлагын цагаар харьцангуй сайн унтдаг. Бага ангийнхны хувьд багш нь бүх л хичээл дээр нь, унтлагын цагт нь хүртэл яалт ч үгүй хамт байх хэрэгтэй болдог. Дэргэд нь “Унтаарай, унтсаны дараа хичээлээ ойлгох чадвар чинь нэмэгдэнэ шүү. 30 минут ч гэсэн амарчих” гэдэг. Тэгэхээр зарим нь бүр нам унтчихдаг. Ерөөсөө сэрдэггүй. Хичээлийн цаг чинь болчихсон шүү. Сэрээрэй гээд сэрээдэг.
-Эцэг эхчүүдийн зүгээс унтлагын цагийг хэрхэн хүлээж авдаг вэ?
Эцэг эхчүүдийн хувьд маш сэтгэл ханамжтай хүлээж авдаг. Унтаж сэрээд хүүхдүүд маань бүтээлгээ хурааж хувийн шүүгээндээ хийнэ. Унтлагын сандлаа хурааж, хичээлдээ ороход бэлддэг. Энэ бүхэн нь давхар эмх цэгц, бие даах чадварт сургаж байдаг.