ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйснаар АН-ын бүлэг завсарлагаа зогсоолоо

ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйснаар АН-ын бүлэг завсарлагаа зогсоолоо

Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.05.05/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл болон бусад гишүүд мэдээлэл өгч байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Баярмаад зохисгүй хандлага гаргасандаа уучлал гуйсан байна. Иймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн Пүрэв гаригаас эхлүүлсэн байсан завсарлагаа зогсоож буйгаа энэ үеэр мэдэгдлээ. Тодруулбал, энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа " Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлалт гуйсан. Энэ бол хоёр гишүүний асуудал биш байсан. Цаашид институт хоорондын асуудлаар хамгийн зөв зохистой харилцааг бий болгохын тулд манай бүлгээс хуулийн төслийг боловсруулж байна. Тус хуулийг хэзээ өргөн барихаа өнөөдөр ярилцсан. Ерөнхий сайд, бүлгийн дарга бид хэд уулзалтаараа өмнөх түүхүүдээ ярьсан. "Яагаад намайг хаа, хамаагүй хүмүүстэй холбоотой тэдний үгийг дамжуулаад байна гэдэг юм бэ. Надад тийм зүйл байхгүй" гэж хэлээд улс төрийн замнал түүхээ ярьсан. Мөн би хэний ч үгийг дамжуулдаггүй, гар хөл болдоггүй гэдгээ хэлсэн.  Ерөнхий сайд ойлгосон байх. Ямартай "За намайг уучлаарай" гэсэн. УИХ-ын дарга "Үг дааж сур" гэсэн. Үг дааж суралгүй яахав, улс төрд аль муудаж, сайдахыг тэр гэх вэ. Гэхдээ гүтгэлэг бол хэмжээ хязгаартай байх ёстой. Өмнө нь төсөв эсэргүүцэхэд намайг их гүтгэж доромжилсон. Тэр үед цагдаа, шүүхэд хандаагүй. Манай АН-ынхны алдаа байдаг юм байна. Яаж ч гүтгүүлсэн "Чиний гүтгэх эрх чөлөөний төлөө бид зогссон" гээд байдаг. Харин энэ удаа миний үр хүүхдийн зураг, нэрийг тавиад гүтгэсэн учир би зүгээр байхгүй. Даах юмаа даана, даахгүй юмаа даахгүй.Энэ бол хүнийг айдас хүйдэст автуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд рүү чинь орохын цагт дуугарахыг чинь харъя гэж байгаа мэт гүтгэсэн. Тэгэхээр энэ удаа дуугүй өнгөрвөл УИХ-ын гишүүд маань дараа, дараагийн УИХ-ын чуулганы үеэр үгээ цэгнэж, болгоомжлох нөхцөл үүснэ. УИХ-ын талбарт бид нар үгээ хэлэхгүй юм бол хэн үгээ хэлэх юм бэ, хэн энэ Засгийн газрыг шүүмжлэх юм бэ. Би цаашид бурууд нүд хурц байна. Үүнийгээ ч Ерөнхий сайдад илэрхийлсэн" гэлээ. 

Харин АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнгөрсөн хугацаанд парламентын ардчиллыг бэхжүүлэх, төрийн эрх барих статусыг улам батжуулах чиглэлд санаа бодлоо илэрхийлсэн олон нийтэд талархлаа. Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэхэд 42 гишүүний 30 нь дэмжиж гарын үсгээ зурсан. Хамтарсан Засгийн газартай холбоотой ямарваа нэгэн үг үйлдэл, санаа бодол энд яригдаагүй. Яг парламентын асуудал яригдсан. Ажлын үр гартал ядаж нэг жил хамтарсан Засгийн газар ажиллах ёстой. Хамтарчихлаа гээд парламентад бид хамтраагүй" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал нь Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл, УИХ буюу хууль тогтоох эрх мэдлийн хоорондын хил хязгаар эвдэрсэн, УИХ-ын толгой дээр Засгийн газар нь гараад суучихсанг ил тод харуулсан. Дарга нарыг шүтдэг уламжлалт арга барилаараа энэ улсыг гурван даргын улс болж хувиргасан. УИХ-ын чуулган нь хүртэл толгой дээрээ гурван даргыг залсан. Энэ байдлаа халах больсон. Төрийн гурван өндөрлөг гэдэг албан тушаал огт байхгүй. Үндсэн хуульд ийм албан тушаал байхгүй. Үүнээс болж энэ гурван хүн өөрийгөө Монгол Улсын дарга гэж эндүүрээд байна. Үүнийг засах ёстой. Яаж засах вэ гэхээр парламент парламент шиг болох ёстой. Парламентынхаа дээр гараад суучихдаг Ерөнхий сайд байж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулинд "УИХ 126 гишүүнээс бүрдэнэ" гэж маш тодорхой заасан. Түүнээс биш "УИХ 126 гишүүн болон Ерөнхий сайдаас бүрдэнэ" гэж огт бичээгүй. Ерөнхий сайд өөрийн мэдээлэл өгдөг цагаараа тусдаа суудаг ширээ сандал дээрээсээ УИХ-ын гишүүнтэй доромж байдлаар харьцсан. Яг хариуцлага яриад эхлэнгүүт УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүнтэйгээ маргасан шүү дээ гэх зүйлийг ярих гэж оролдсон. Энэ байдлыг эвдэх ёстой. Ерөнхий сайд доош бууж гишүүдийн дунд суух ёстой. Яг үүнийг зохицуулсан хуулийн төслийг бид УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргатай зөвшилцсөн. УИХ-ын дарга, МАН-ын бүлгийн дарга манай бүлгийн даргатай болон бидэнтэй уулзах үерээ "Энэ хуулийн төслийг хоёр юм уу, гурав хуваачих" гэх хүсэлтийг тавьсан. Ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах гэж байгаагаа тусдаа хуулиар мөн Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож өөрчилж, парламентын мэтгэлцээний зарчим руугаа оруулах хэсгээ мөн тусдаа, УИХ-д мэдээлэл өгч буй хүн төрийн албан хаагчид худал мэдээлэл өгч буй бол хариуцлага тооцох асуудлаа өөр хуулийн үзэл баримтлал болгоод оруулаад ирээч. Сүүлийн хоёр асуудал дээр МАН-ын гишүүд ч гарын үсэг зурахад бэлэн байна гэсэн. Уг хуулийг тусад нь хууль болгоод энэ долоо хоногт өргөн барихаар эрмэлзэж байна. Монгол Улс гурван даргын улс болж дарангуйллын тогтолцоотой болж байгаа бол үүнийг зогсоох гурван арга байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг парламентын өмнө дэлхийн бусад улсын Ерөнхий сайдын жишгээр шиг суулгадаг болох. Хоёрдугаарт, гадуур яригдаад байгаачлан 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг өөрчилж Ерөнхийлөгчийг дахин сонгох гэж байгаа бол Ардчилсан нам Үндсэн хуулийг хамгаалж, найман жил гар хүрч болохгүй гэдэг зарчим дээр тууштай хатуу зогсоно. Гуравдугаарт, Парламентаасаа гадуур эрх мэдэл эдэлдэг УИХ-ын даргатай байж болохгүй. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын даргыг гаргах ёстой " гэлээ. 

ВИДЕО: