С.Тулгартөр: Дугуйланд хамт сурдаг 11 дүгээр ангийн найзуудтайгаа нийлж, Монголын анхны сагс тоглодог роботыг зохион бүтээсэн

С.Тулгартөр: Дугуйланд хамт сурдаг 11 дүгээр ангийн найзуудтайгаа нийлж, Монголын анхны сагс тоглодог роботыг зохион бүтээсэн

Монголд анх удаа сагс тоглодог робот зохион бүтээсэн, ирээдүйд инженер болохыг зорьж яваа 16-18 настай 11 дүгээр ангийн сурагчдыг бид энэ удаад онцлон ярилцлаа. Тэд ШУТИС-ийн Коосэн технологийн коллежид суралцдаг бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн “Робокон 2025” тэмцээнд оролцохоор сагс тоглодог роботыг бүтээж эхэлжээ.

Тэд одоогийнхоо загварыг гаргаж авахын тулд нийт таван туршилтын загварыг бүтээсэн бөгөөд эцсийн байдлаар хамгийн сайн боловсруулсан гэх хоёр хувилбараа гаргаж аваад байгаа нь энэ юм. Мөн тэд энэхүү бүтээлээрээ “Робокон 2025” улсын уралдааны хоёр төрөлд нь тэргүүн байр эзэлжээ.

ВИДЕО:

-10 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, САГС ТОГЛОДОГ РОБОТ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ-

Коосэн технологийн коллежийн Цахилгааны ангийн сурагчид болох С.Тулгартөр, М.Тэмүүлэн, Э.Бат-Энх, Н.Билгүүн, О.Содбаяр, Л.Одбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр нийт арвуулаа энэхүү Сагс тоглодог роботын зохион бүтээжээ. Уг роботыг бүтээхэд 10-аад сая төгрөг зарцуулсан бөгөөд санхүүжилтийг нь сургуулиас нь гаргаж өгсөн байна.

Энэ талаар Коосэн технологийн коллежийн 2-р курсийн оюутан С.Тулгартөр, “Арвуулаа нийлээд энэ жил “AB Робокон 2025” тэмцээнд оролцохын тулд энэхүү роботоо зохион бүтээсэн. Уг тэмцээн нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын хооронд явагддаг бөгөөд энэ жил манай улсад зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээний энэ жилийн зорилго нь 2х2 сагс тоглодог робот зохион бүтээх байсан. Иймд бид тэмцээний дүрэмдээ нийцүүлж, өөрсдөө ихэнх үйлдлийг нь бодож байгаад бүтээсэн.

Өмнө нь Монголд сагс тоглодог робот байсан гэж би лав дуулаагүй. Түүхэндээ анх удаа сагс тоглодог робот хийж байна” гэсэн юм.

Тэдний сагс тоглодог робот сагсан бөмбөг залах, нэгэндээ дамжуулах, хаалт хийх, шидэх үйлдлүүдийг хийдэг. Роботод ундаа сав, хөнгөн цагаан их бие гэхчилэн олон сонирхолтой зүйлс харагдах бөгөөд ямар материалууд хэрэглэсэн талаараа тэд, “Манай роботод гурван циллоид байгаа. Үүгээр бөмбөгөө цохиж эсвэл хаалттайгаа дээшлүүлэх үүрэгтэй. Циллоидоо ашиглахын тулд хийн сав буюу ундааны савыг ашигласан. Гол материалуудаа гаднаас захиалсан. Гэхдээ гар доорх жижиг зүйлсээ 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдээс авсан юм. Манай хоёр робот нийлээд 50 кг байх ёстой учраас механизм хийцлэлийн хувьд гадна талыг нь дан хөнгөн цагаанаар хийсэн. Харин удирдлагыг нь плэйстэйшний гараар хийсэн. Гар нь блүүтүүтээр холбогдох ёстой учраас ийнхүү хэрэглэхэд амархан гар доорх материал ашиглаж байгаа юм.

Мөн дугуй нь хоёр тийш эргэдэг онцлогтой бол шидэгч нь хоёр хөдөлгүүрээ эргүүлээд бөмбөгөө эргүүлэх зарчмаар шиддэг байхаар шийдсэн.

Харин суурийг нь ШУТИС-ийн холбооны сургуулийнхний хийсэн роботыг харж байгаад санаа авч хийсэн байгаа. Манай робот самбарт бөмбөг тохохгүй бөгөөд шидэлтээрээ оноо авахаар төлөвлөж, гол нь шидэлтдээ тулгуурлаж бүтээсэн. Мөн довтлохын тулд заавал айлын зоо орж, бөмбөгөө залж байж довтлох үйлдлээ хийнэ. Түүчнлэн суурины дөрвөн хөдөлгүүрээ сайн тэнцвэржүүлж, зэрэг газарт хүргэх ёстой учраас дөрвөн талын дугуйгаа илүү сайн газарт зууралттай болгохын тулд хичээж ажилласан. Хамгийн хэцүү хэсэг нь шидэгч байсан. Шидэгч нь эргэж байхдаа өөрийгөө чангалж байх ёстой учраас нэлээд ажиллагаа шаардсан шүү" гэв. 

-САГС ТОГЛОДОГ РОБОТ НЬ БӨМБӨГ НЭГЭНДЭЭ ДАМЖУУЛАХ, ХААЛТ ХИЙХ, ХАМГААЛАХ, ШИДЭХ ҮЙЛДЛИЙГ ХИЙДЭГ-

Мөн үргэлжлүүлэн "Манай робот хаалттай. Энэ нь эсрэг талын багийн довтлогчийг шидэхээс өмнө хаах үүрэгтэй юм” гэлээ. Тэдний уг бүтээлд мөнгө санхүү их шаардсан нь мэдээж. Иймд бид хэдэн төгрөг зарцуусан, хаанаас төсвөө зохицуулсан талаар тодруулахад, “Бид есдүгээр сараас хойш нийт таван робот хийж үзээд эцсийн хоёр хувилбараа бүтээсэн байгаа. Үүнд сургуулиас нийт 10-аад сая төгрөгийн төсөв гаргаж өгөөд бүгдийг нь зарцуулсан.  Суурины дөрвөн мотор, нэг том батерей болон шидэгчийн хоёр хөдөлгүүрэнд хамгийн их мөнгө зарцуулсан. Гол асуудал нь манайд робоконы лаборатори гаргаж өгдөггүй. Бид роботоо механикийн лабораторид хийдэг. Тэр нь хичээлийн танхим болохоор хичээлийн бус цагаар буюу оройн цагаар л хийх боломжтой байсан.

Хэрвээ бид лабориторитой болчихвол цагт баригдахгүйгээр, туршилтаа чөлөөтэй хийж болохоор байгаа.

Бид ер нь есдүгээр ангиасаа эхлээд инженер болохыг зорьж Коосэн сургуульд орж ирсэн. Энэ сургуульд орж ирээд Робокон клуб байдгийг мэдээд их баярласан. Энэ клуб маань онолын мэдлэгийг практик дээр илүү сайн бататгаж өгөх үүрэгтэй учраас биднийг инженер болоход илүү давуу талтай болдог. Мөн бидэнд мэргэжлийн хичээлүүдээ илүү сайн ойлгоход тусалдаг” гэсэн юм. Ийнхүү тэд мөрөөдлийнхөө дагуу сурч боловсрох хугацаандаа монголд урьд өмнө нь байгаагүй сагс тоглодог роботыг зохион бүтээсэн байна. Үүгээрээ тэд "Робокон 2025" уралдааны хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ.