Э.Батшугар: Монгол Улсын эдийн засагт өнөөдөр баялгийн болон орлогын тэгш бус байдал үүсчихсэн байна

Э.Батшугар: Монгол Улсын эдийн засагт өнөөдөр баялгийн болон орлогын тэгш бус байдал үүсчихсэн байна

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.05.14/ хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэд хэдэн асуулт асуусан юм.  

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Монгол Улсын эдийн засагт өнөөдөр баялгийн болон орлогын тэгш бус байдал үүсчихсэн байгаа юм. Бид нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2026 онд 6000- 8000 доллар болгоно гэсэн төсөөлөл гаргасан. Гэвч өнөөдөр дийлэнх иргэдийн орлого нэмэгдэхгүй, хэвээрээ, улам дордоод байна. Тэгэхээр хүртээмжтэй өсөлттэй болгоход ямар ямар бодлогын арга хэмжээ авах вэ гэж асуумаар байна. Өсөлтийн хүртээмжийг тодорхойлдог жини коэфциент гэж байдаг. Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 2024 онд 0.39-тэй байгаа. Тэгэхээр үзүүлэлтийг яаж нэмэгдүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх вэ. Статистикийн 6 хувийн өсөлт биш эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг яаж бий болгох вэ гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас асууя.

-ОН ГАРСААР ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 600 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛД ОРСОН БАЙНА-

Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх вэ. Ямар бодлого баримталж байгаа вэ гэж бас асуумаар байна. Яагаад гэвэл өнөөдөр төлбөрийн тэнцэл эхний дөрвөн сарын байдлаар 600 сая ам.долларын алдагдалд орчихсон байна. Энэ бол шууд ханшин дээр мэдрэгдэж байна. Үүнийг дагаад импортын инфляци нэмэгдэж, төгрөгийн худалдан авах чадвар буурна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар бодлого баримтлах вэ. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 12 хувийг эзэлж байгаа. Үүний 10 хувь нь цэвэр уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрдүүлж байна. Хөгжиж байгаа оронд бол гадаадын хөрөнгө оруулалтын коэффициент нь дотоодын бүтээгдэхүүнтэй харьцуулахад 40-60 хувь байдаг. Үүнийг дагаад төлбөрийн тэнцлийн алдагдал, ханшны сулрал яваад байна шүү дээ.

-ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙГ 61-65 ХУВЬ ӨСГӨХ ЗОРИЛТ ТАВЬСАН-

Эдийн засгийн хөгжлийн яамнаас хариулахдаа: Тогтвортой өсөлтийн хүртээмж бол ажил эрхлэлтээр дамжиж нийт иргэдэд очих ёстой. Том агуулгаараа бол уул уурхайн салбарын татварын орлого бүрдүүлэлт эдийн засаг, нийгмийн бодлогоор дамжиж олон нийтэд хүрэх ёстой. Микро агуулгаар бол ажил эрхлэлт, айл өрхийн орлогын асуудлыг ярих ёстой. Энэ дээр бид хөдөлмөрийн бүтээмжийг 61-65 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилтыг тавьсан байгаа. Үүн дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төслүүдийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт гарах ажлын байрууд чухал хувь оролцоотой байх ёстой.

-ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ГОМДЛЫГ БАРАГДУУЛАХ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛНА-

Гадаадын хөрөнгө оруулалт дээр таньтай санал нэг байна. Гадаад валютын албан нөөц, төлбөрийн тэнцэл дээр ирж байгаа дарамтыг бууруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь хамгийн чухал. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг шинэчлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад 41 хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон, хязгаарласан шууд бусаар төвөг учруулсан байгаа. Мөн гадны хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах тогтолцоог сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр бүх төрийн байгууллагын үүрэг оролцоо, эрх үүргийг тодорхой болгохоор зорьж ажиллаж байна.