Хуульч Н.Ариунболд: Давхар дээлтэй гишүүд сайдын ажлаа өгөх үү, УИХ-ын гишүүнээс татгалзах уу гэх сонголтын өмнө байна

Хуульч Н.Ариунболд: Давхар дээлтэй гишүүд сайдын ажлаа өгөх үү, УИХ-ын гишүүнээс татгалзах уу гэх сонголтын өмнө байна

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ оны тавдугаар сарын 25 ны өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Энэ талаар хуульч Н.Ариунболдоос  тодрууллаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр батлагдсан. Энэ өөрчлөлт хэзээнээс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхлэх вэ?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөх тухай заасан учраас энэ цаг хугацаанаас эхэлж хүчин төгөлдөр үйлчилнэ.

-Сүүлийн үед зарим хуульч нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үйлчилж эхэлснээр Засгийн газар огцрох хууль зүйн нөхцөл бүрдсэн тухай ярьж байгаа боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай Засгийн газар огцрохгүй, сайд нар өөрчлөгдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ талаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд заасан уу?

-Шилжилтийн үеийн харилцааг зохицуулах гэсэн ойлголт хууль тогтоомжийн эрх зүйд байдаг. Өөрөөр хэлбэл хуулийг шинэчилж байгаа тохиолдолд хуучин харилцаанаас шинэ харилцаанд хэрхэн шилжихийг хууль дагаж мөрдөх журмын тухай хуулиар нарийвчилж шийдвэрлэн ойлгомжгүй байдал үүсэхээс сэргийлдэг.

Харамсалтай нь Г.Занданшатараар ахлуулсан УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд энэ асуудлыг нарийвчилж зааж өөгөөгүй улмаас энэхүү зарчмын өөр өөр байр суурь, ойлгомжгүй асуудал үүсээд байна.

-Тодруулбал?

-Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцаа, ялангуяа төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч УИХ, Засгийн газар, шүүх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлдог. Засгийн газар бол ердийн хуулиар бус Үндсэн хуулийн дагуу институц юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар байгуулагдах харилцааг зохицуулсан Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчилсөн. Харин Үндсэн хууль өөрчлөгдөхөөс өмнө байгуулагдсан Засгийн газар нь шинэ өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхтэй эсэх талаар дагаж мөрдөх журмын тухай хуульд заагаагүй. Энэ талаар Үндсэн хууль тогтоогч УИХ  маш бүдүүлэг алдаа гаргасан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ дагаж мөрдөх хуулиар энэ асуудал зохицуулагдана гэсэн. Тийм биш. Засгийн газар бол Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиар бус гагцхүү Үндсэн хуулийн дагуу байгуулагддаг институц түрүүн дурдсан. Тиймээс хэрэв 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө Засгийн газрын эрх зүйн үндсийг УИХ буюу түүний олонхи шийдвэрлэхгүй бол дараагийн сонгууль хүртэл Монгол Улс хууль ёсны Засгийн газаргүй болох гэж байгаа нь ноцтой.

-Засгийн газар огцорно гэсэн үг үү?

-Яг ч огцрох асуудал биш. Засгийн газрыг Үндсэн хуульд нийцүүлж шинээр байгуулах гэж ойлгож болно. Ерөнхий сайд нь одоогийн хүн байна уу өөр хүн байна уу гэдэг нь тусдаа асуудал. Аливаа байгууллага байгуулсан шийдвэр, хууль хүчингүй болсон, өөрчлөгдсөн тохиолдолд бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг чөлөөлж, шинээр томилдогтой агаар нэг гэсэн үг. Тухайлбал яам байгуулах тухай хууль шинэчлэгдэхэд бүх албан хаагчийг  чөлөөлөөд дахин томилдогтой ижил юм.

-Зарим хуульч нар 50 хувиас дээш огцорсноор Засгийн газар огцрох үндэслэл болно гэж тайлбарлаж байгаа. Энэ талаар тодруулж өгнө үү?

-2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж энэ харилцааг зохицуулсан Үндсэн хуулийн зохицуулалт өөрчлөгдөж байгаа тул яг ингэж хэлэх боломжгүй. Харин Үндсэн хуулиар Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн шаардлага тавьсан учраас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүний дөрөвний гурав нь өөрчлөгдөх нь ямар ч маргаангүй юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын дөрөвний гурав нь Засгийн газрын гишүүнээсээ болих уу, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах уу гэдэг сонголттой тулгараад байгаа гэж ойлгож болно. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс бусад нь УИХ-ын гишүүний албыг давхар гүйцэтгэж байгаа буюу улс төрийн яриагаар бол давхар дээлтэй.