Б.Батжаргал: Яг явах ёстой иргэд явж чадалгүй Солонгост зутруухан байна

Б.Батжаргал: Яг явах ёстой иргэд явж чадалгүй Солонгост зутруухан байна

Улсын онцгой комисс, Засгийн газраас шийдвэрийн дагуу БНСУ-руу гурван удаа тусгай нислэг үйлдэж 700 гаруй иргэнээ эх оронд нь авчраад байна. Холбогдох байгууллагууд боломжоороо иргэдээ тус улсаас татан авчирсаар байгаа ч ирж чадалгүй үлдсэн нь олон байгаа юм. Албаныханы хэлж буйгаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан 2000 гаруй иргэн БНСУ-д одоогоор байгаа аж. Улсын онцгой комиссоос мэдэгдэхдээ тусгаарлах байрны хүрэлцээ, ХӨСҮТ-ийн хүчин чадал, эмч нарын хүрэлцээ зэргийг харгалзан үзэж дараагийн нислэгийг хийнэ гэж буй.

Ингэхдээ жирэмсэн, өндөр настай, түр хугацаагаар бага насны хүүхэдтэйгээ зорчсон эцэг, эх, өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийг авчирна гэж тодорхой зарласан. Гэтэл бодит байдал дээр дээрх таван шалгуурт тэнцсэн нь бус танил талтай, сайд, дарга нарын үр хүүхэд, ах, дүү хамаатан, саданг явуулж байгааг зарим иргэд шүүмжилсээр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д хоноглох газаргүй, хүндхэн нөхцөл байдалтай яваа олон иргэн байна.  Тэдэнд ЭСЯ-аас туслалцаа үзүүлж, асуудлыг нь шийдвэрлэхгүй байгаа учир хүний нутагт хаана хандахаа мэдэхгүй, будилж зутруухан байгаа гэх мэдээлэл бий.

Бид тус улсад хөл, хорионд орсон иргэн Б.Батжаргалтай холбогдож тэнд байгаа монголчуудын нөхцөл байдлын талаар болон эх орондоо ирэхэд нь ямар хүндрэл бэрхшээл тулгарч буй талаар тодрууллаа.

-САУН, МЕТРОНЫ БУУДЛААР ХОНОГЛОЖ ЯВАА ОЛОН МОНГОЛ
ИРГЭН БАЙНА-

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. БНСУ-д ямар шалтгаанаар хэзээ очсон бэ?

-Намайг Б.Батжаргал гэдэг. Албан ажлаар энд ирсэн. БНСУ-ын Гадаад харилцааны яам, Үндэсний Нэгдлийн яамны урилгаар эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын хүрээнд долоо хоногоор түр ирсэн ч хөл, хорионд орсон. Хоёрдугаар сарын 18-ны өдөр ирсэн. Ажлаа дуусгаад яг явах гэтэл хөл, хорионд орсон. Намайг энд ирэх үед 31 халдвартай тохиолдол бүртгэгдээд байсан. Гэтэл өнөөдөр халдвар авсан хүний тоо 10 мянга гаруй болоод байна.

-Одоогийн байдлаар та ямар хотод байна?

-Би Сөүлд байна.

-Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ-руу гурван удаа тусгай нислэг үйлдсэн. Тус нислэгээр ирэх боломжгүй байсан уу. Монгол руу ирэхэд яг ямар хүндрэл бэрхшээл тулгараад байна вэ?

-Улсын онцгой комиссоос шийдвэр гаргаж хил хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Тэгэхээр Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөхөөс өөр аргагүй юм. Энд өндөр настнууд, хүүхдүүд, өвчтэй хүмүүс, асран хамгаалагч нар их байна. Энэ хүмүүсийг нэн тэргүүнд татаж аваасай гэсэн хүсэлт байна. Улсын онцгой комиссоос өндөр настан, өвчтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй хүмүүсийг эх оронд нь авчирна гэдэг шаардлага тавьсан ч бодит байдал дээр энэ хүмүүс явж чадахгүй, холбогдох байгууллагуудын зохион байгуулалтын үйл ажиллагаа тунгалаг биш байгаа нь анзаарагдаж байна. Хүмүүсийг ЭСЯ-даа очиж бүртгүүл гэсэн. Гэтэл бүртгэл нь ном, журмын дагуу болсон уу гэдэг нь тодорхой биш байна. Миний хувьд залуу хүн. Залуучууд яахав ээ. Харин 50 болон түүнээс дээш настай маш олон хүн байна.

Тэгэхээр явах ёстой иргэд нь явж чадаагүй энд байна. Ядаж, ЭСЯ болон Консул нь хаалгаа барьчихсан. Олон иргэн өдөр бүр тэнд очиж гомдол мэдүүлж, суулт хийнэ, өлсгөлөн зарлана, жагсаал зохион байгуулна гээд байж байна. Энэ хүмүүс орон байргүй, эмчилгээний зардалгүй, ажилгүй болсон байгаа. Зарим иргэд саун, метроны буудлаар хоноглож айл хэсч явна.

-Ер нь хүндхэн нөхцөл байдалтай хүмүүс олон байгаа юм байна. Та бүхэн хүсэлт, гомдлоо нэгтгээд ЭСЯ-даа өгч байна уу?

-Миний хувьд дээрх хүмүүст ажлыг нь амжуулахад орчуулга хийж өгөх гэх мэтээр тусалж байна. Залуу хүмүүсийг орхиж болдог юм байж.  Гэтэл хүндэтгэх шалтгаантай 800 гаруй иргэн байх шиг байна. Энэ иргэдийг л татаж авна уу гэдэг хүсэлтийг олон удаа тавьсан. Би өөрөө явмаар байна гээд байгаа юм биш шүү. Миний хувьд энд сургууль төгссөн, хэлийг нь мэддэг хүн. Тэгэхээр аргаа олоод амьдраад байж болно. Харин хонох газаргүй болсон иргэдийг л анхаарах хэрэгтэй байна. Олон хүн ингэж хүсч байна.

-ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР КОНСУЛЫН ГАЗАР АЖИЛЛАХГҮЙ,
ХААЛТТАЙ БАЙНА-

-БНСУ дахь ЭСЯ ажлаа хийхгүй байгаагаас болж олон иргэн хохирч байна гэх гомдол байна. Цаашлаад хүндэтгэх шалтгаантай иргэдийн оронд сайд, дарга нарын үр хүүхэд, ар гэрийнхнийг авчирч байна гэх шүүмжлэл их бий. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ. Ер нь ЭСЯ ажлаа ном, журмынх нь дагуу хийж байгаа юу?

-Яг ингэж хэлэхээс болгоомжилж байна. Харин илүү тод, зөв зохион байгуулалттай байгаасай гэж хүсч байгаа. Холбогдох яам, ЭСЯ, Улсын онцгой комисс, Засгийн газрын хоорондын уялдаа холбоо илүү тунгалаг байсан бол ийм яриа гарахгүй байсан байх гэж бодож байна. Би бүртгэх үеэр нь очсон. Тэр үед намайг “Залуу хүн учраас явуулах боломжгүй ээ” л гэж хэлсэн. Гэхдээ бүртгэлийн өдөр хөдөө орон нутагт байж байгаад Сөүлд амжиж ирж чадаагүй хүн маш олон байсан. Гэтэл ЭСЯ, Консулаас дараа нь утсаар судалгаа авч бүртгэл хийсэн л гэсэн. Гэхдээ тэр нь юу болсон юм тодорхойгүй байгаа учраас хүмүүсийн хардлагыг төрүүлсэн байх.

ЭСЯ өөрсдийн нөөц бололцоог дайчилж ажилласан гэж мэдэгдсэн. Гэхдээ эндхийн олон хүн тэднийг нөөц, бололцоогоо дайчилж ажиллаагүй гэж байна. Өнөөдрийн байдлаар консулын газар ажиллахгүй гэдэг бичиг үүдэн дээрээ наачихаад хаалттай байна. Консулын үйлчилгээг утсаар үзүүлж шуудангаар хариу өгнө гэж байгаа юм. Ганц би биш маш олон иргэн “ЭСЯ, Консул утсаа авахгүй байна. Хүрч ирэхээр буцааж байна. Хаалгаа түгжсэн байна” гэж гомдоллож байгаа.

Хүмүүс өдөржин гадаа нь сууж байгаад л буцаж байх шиг байна.

-ЭСЯ-ны гадна иргэд суулт зарлах талаар ярилцаж байна гэж та хэлсэн. Нийт хэдэн иргэн хэд хоногийн хугацаатай суулт зарлана гэж ярилцаж байгаа вэ?

-Өдөр бүр тэнд хүмүүс очиж байна. Эндхийн ТББ-ууд иргэдийг төлөөлж очиж өргөдөл, хүсэлтийг нэгтгэн консулд дамжуулж өгч байна. Суулт зарлана гэж ярьсан төдий. Түүнээс ийм нөхцөл байдалд суулт зарлах нь хориотой шүү дээ. Хилийн чанад дахь монголчуудын ТББ иргэдийн асуудлыг холбогдож байгууллагуудад нь уламжлаад явж байх шиг байна. Миний хувьд сүүлийн үед тэнд очсонгүй. Гэхдээ зүгээр суусангүй. Эмнэлэгт эмчид үзүүлж буй хүмүүст орчуулга хийж өгч тусалж байгаа. Визний асуудлаа шийдүүлэхээр хөөцөлдөж буй хүмүүст утсаар орчуулга хийж өгч байна.

Зарим хүмүүс ажилгүй болж цалингаа ч авч чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Саяхан нэг иргэн ажилд орсон ч бэлгийн мөлжлөгө, дарамтанд орсон тохиолдол гарлаа. Би тэр хүнийг хууль, хяналтын байгууллагынхантай холбож өгсөн. 50 гаруй настай нэг эгч нөхрөө элэгний хагалгаанд оруулчихаад буцаж чадахгүй хүндхэн нөхцөл байдалтай байна. Энэ мэтээр иргэд хохирч байгаа гэдгийг хэлмээр байгаа юм. Мөнгөгүй, орох оронгүй, өвчтэй, зовлонтой байна. Яг үнэнийг хэлэхэд манай байгууллагуудын системийн гажуудал, хамтын ажиллагааны алдаа дутагдал нь үл ойлголцлыг их бий болгож байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.