Коронавирусийн цар тахал дэлхийн нийтийг бүрхэж хүндхэн цаг үетэй хүн төрөлхтөн тулаад байгаа билээ. Одоогийн байдлаар энэхүү вирусээр дэлхийн 210 оронд 2,6 сая хүн халдварлаж, 186 мянган хүн амь насаа алдаад байна. Коронавирусийн дэгдэлт нэмэгдэж байгаа орнуудын нэг бол манай хойд хөрш юм.
Сүүлийн өдрүүдэд вирусийн халдвар огцом өсөж, өнөөдрийн байдлаар 60 мянга орчим хүн халдварласаны тал нь нийслэл Москва хотод байна. Үүссэн нөхцөл байдлаас үүдэж тус хотод хатуу хөл хорио тогтоосон. Энэ нь тэнд байгаа манай орны иргэд, оюутан залууст хүнд байгаа талаар цахим орчинд яригдах болсон. Тэгвэл Москва дахь Монгол оюутны төлөөлөл “Нефт газийн технелогийн их сургууль”-ийн оюутан Э.Ундрам-Эрдэнэтэй бодит нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Сайн байна уу, сүүлийн үед цахим сүлжээгээр Москвад байгаа оюутнуудын талаар янз бүрийн мэдээлэл явах болсон. Яг одоо нөхцөл байдал ямархуу байна вэ?
-Ямартай ч энд хорио цээрийн дэглэм их чанга байгаа бололтой. Би өөрийгөө урьдчилан сэргийлээд оюутны байрнаасаа бараг л гарахгүй байгаа. Гадуур явж байгаа бүх хүмүүс зөвшөөрлийн эрх авч байгаа юм билээ. Би зурагтгүй болохоор тэр талаар нь сайн мэдээгүй. Саяхан ойрхон гарахдаа л таксины жолоочоос мэдсэн. Хэрвээ гарах эрхгүй явж байгаад баригдах юм бол 200 мянга орчим төгрөгөөр торгуулах байсан юм билээ. Би учирлаад өнгөрсөн. Онлайнаар хичээлээ үзээд л гэртээ байж байна.
-Гадуур явах эрхийг нь хэрхэн авч байгаа юм бэ?
-Онлайнаар хүсэлт гаргаад авч байгаа юм байна лээ. Би гадагш гарахгүй байгаа учраас сайн судалж үзээгүй. Дотуур байрнаасаа эмийн сан, хүнсний дэлгүүр орох зорилгоор 100 метр гарч болно. Бусад бүх газар хаалттай. Орж гарахад үүдний жижүүр байнга халуун шалгаж байгаа.
-Бусад хүмүүс буюу Москва хотын оршин суугчид хорио цээрийн дэглэмийг хэр баримталж байна вэ?
-Сайн баримталж байгаа. Гудманд бараг хүн явахгүй, автобус, метро хоосон шахуу л явж байгаа. Саяхан метро хэрэглэгчид 85 хувь буурсан талаар судалгаа гарсан байна лээ.
-Хоол хүнс, ариутгал, хамгаалах хэрэгслийн хүртээмж хэр зэрэг байна вэ?
-Хоол хүнсний зардлаа бүгдийг нь өөрсдөө дааж байгаа. Гадуур амны хаалт огт зарахгүй байгаа. Аль хоёрдугаар сард л маск олдохгүй байсан хэрнээ нэг ч хүн маск зүүгээгүй байсан нь сонирхолтой. Саяхан бидэнд ЭСЯ болон "Бидний цөөхөн Монголчууд" төслөөс тус бүр таван амны маск хандивласан.
-Элчин сайдын яам хэр холбоотой ажиллаж байна вэ?
-Маш сайн холбоотой ажиллаж байгаа. Би гуравдугаар сарын эхээр өвдөөд айж тулгамдаад хамгийн түрүүнд ЭСЯ-руу залгасан. Надад зөвлөгөө өгөөд түүнээс хойш бараг минут тутам залгаж биеийн байдлыг минь асууж байсан. Мөн фейсбүүк групп дээр байнга зөвлөмж, зөвлөгөө өгч байгаа.
-ОХУ-ын Боловролын сайд нь 9-р сарын 1-нээс хичээл орно гэж мэдэгдсэн байсан. Цаашдаа хичээл нь хаагдсан ч энэ байдал удаан үргэлжилбэл яах бодолтой байна вэ?
-Тэр талаар албан ёсны мэдэгдэл одоохондоо аваагүй л байна. Гэхдээ хойшилсон нь бараг тодорхой болсон юм байна лээ. Анх вирусийн халдвар гарах үед гэрлүүгээ харих гэсэн боловч сургуулийн захиргаанаас “хичээл чинь орчихвол яах юм” гээд явуулаагүй. Хичээл хаагдчихвал дотуур байрны төлбөрөөс эхлээд санхүүгийн тал дээр хүндрэл учирч эхлэх байх. Стипенд авдаг ч гэсэн тэр нь хаанаа ч хүрдэггүй болохоор одоо монголд байгаа аав ээжээсээ л мөнгө авч амьдарч байна. Удаан ингэж байвал өөр хүндрэлүүд гарах байх.
-Танай сургуульд хэдэн монгол иргэн суралцдаг юм бэ, Монголдоо ирэх хүсэлтэй байна уу?
-Манай сургуульд нийт 22 монгол оюутан суралцдагаас одоогоор 13 нь энд байна. Эдгээрээс 8,9 орчим нь Монголдоо очих хүсэлтэй байгаа. ЭСЯ-д хүсэлтээ гаргасан. Хамгийн их айж байгаа зүйл нь очих замдаа халдвар авчих вий гэдэг байна. Мэдээж улс маань хүлээж авна гэвэл очмоор л байна. Үгүй гэвэл эндээ ингээд л байж байна даа. Өөр сонголт алга.