2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ

2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ

ОХУ-ын өмнөд Сибирийн Тувагийн Бүгд Найрамдах Улсад орших 2,800 жилийн настай булшнаас каннабисын үр болон хүний үсэнд хийсэн шинжилгээгээр тухайн үеийн хүмүүс уг ургамлыг сэтгэцэд нөлөөлөх зорилгоор хэрэглэж байсныг тогтоосон байна.

Судалгааны үр дүнг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд Science сэтгүүлд нийтэлжээ. Судалгааг Швейцарын Бернийн их сургууль болон Германы Макс Планкийн Геоантропологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран хийсэн байна. Археологичид Тувагийн Уюк хөндийд байрлах Туннуг-1 хэмээх эртний булшнаас каннабисын үр, хүний үсний сүлжээс зэрэг олдвор илрүүлжээ. Каннабисын зургаан үрийг радиокарбоны аргаар шинжлэхэд МЭӨ VIII зууны эхэн үед хамаарах нь тогтоогдсон байна. Харин булшнаас нийт 1,000 гаруй үр олджээ.

Гэхдээ үр олдсон нь ургамлыг мансуурах зорилгоор хэрэглэж байсныг батлах боломжгүй. Тиймээс судлаачид булшнаас олдсон хүний үсэнд химийн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр үсэнд каннабинол (CBN) хэмээх бодисын ул мөр илэрчээ. Энэ нь каннабисын сэтгэцэд нөлөөлөх гол нэгдэл болох THC исэлдэх үед үүсдэг бодис аж. Эрдэмтэд энэхүү олдвор нь каннабисыг сэтгэцэд нөлөөлөх зорилгоор ашиглах явдал орчин үеийн нийгэмд бий болсон хэрэглээ бус, хэдэн мянган жилийн тэртээгээс улбаатайг харуулж буй сонирхолтой баримт гэж үнэлжээ.

Туннуг-1 булш нь Евразийн тал нутгаар нутаглаж байсан скифүүдийн язгууртны оршуулгын дурсгал юм. Ойролцоогоор 140 метрийн диаметртэй уг байгууламжаас адууны тахилгын үлдэгдэл, хүний яс, хүрэл эдлэл, гоёл чимэглэл зэрэг олдвор илэрсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар каннабисыг тухайн үеийн оршуулгын болон тахилгын зан үйлд ашигладаг байсан байж болзошгүй. Гэхдээ хүмүүс уг ургамлыг утаж хэрэглэсэн эсвэл идэж хэрэглэсэн эсэхийг одоогоор тогтоогоогүй байна.