Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байгаа аж.
П.Б нь Баянхонгор аймгийн ... сумын нутаг дэвсгэрт 2022 оны аравдугаар сарын 05-07-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан буюу газрын хэвлийд халдаж байгаль орчинд хоёр сая төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээхтэй холбоотой 491,000 төгрөгийн хор уршиг учруулжээ.
Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техникийн үнэлгээ буюу 16 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.