Халдвартай хэмээн Франкфуртэд орхигдсон Монгол эмэгтэй Чех руу буцаж байна гэв

2020-12-18 11:42

Халдвартай хэмээн Франкфуртэд орхигдсон Монгол эмэгтэй Чех руу буцаж байна гэв

Өчигдөр /2020.12.17/ Франкфурт-Улаанбаатар чиглэлд МИАТ компани нислэг үйлдэж 160 иргэнийг эх оронд нь авч ирсэн гэх албаны мэдээлэл гарсан.  Учир нь тус нислэг өнгөрсөн арван нэгдүгээр сарын 19-ны өдөр явах байсан ч улс орон даяар тогтоосон хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар цуцлагдсан юм.

Тэгвэл Германы Франкфуртын нисэх буудал дээр эх орондоо ирэхээр Европын өөр хотоос ирсэн 30 орчим насны эмэгтэйг манай зарим албан хаагчид “коронавирусийн халдвартай байна. Авч явахгүй” хэмээгээд хүний нутагт, Франкфуртын нисэх буудал дээр үлдээгээд ирсэн тохиолдол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус эмэгтэй нь Чех улсаас Франкфуртад ирж эх орон луугаа нисэх гэж байсан ч “халдвартай” гэж үзсэний улмаас нисэх онгоцны буудал  дээр орхигджээ.

Харин одоо Чех улс руу буцаж байгаа гэдгийг эх сурвалж бидэнд мэдээллээ. Өнөөдөр өглөөний ЭМЯ-ны мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын ерөнхий газрын дарга Л.Мөнхтүшиг энэ талаар мэдээлэл өгөхдөө “40 настай монгол хүний халдварын шинжилгээний хариу эерэг гарсан. Бид онгоцонд сууж буй хүмүүсийг эрсдэлд оруулахгүй байхын тулд буцаасан. Тус иргэн Чехээс ирсэн. Тухайн иргэнийг германд тусгаарлалтын байранд байлгаж байгаа бөгөөд иргэдэд туслах сангаас тэтгэмж олгоно. Мөн тийз нь баталгаажаагүй иргэн өөр улсаас ирсэн хэрэг гарсан. Нэгэнт тийзгүй тул авч ирэх боломжгүй Германд тусгаарласан” хэмээн мэдэгдсэн юм.

2020-12-18 08:38

Монгол эмэгтэйг “халдвартай” гэж МИАТ компани хүний нутагт үлдээж, хүнлэг бус үйлдэл гаргажээ

Өчигдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлд МИАТ компани нислэг үйлдэж 160 иргэнийг эх оронд нь авч ирсэн гэх албаны мэдээлэл гарсан.  Учир нь тус нислэг өнгөрсөн арван нэгдүгээр сарын 19-ны өдөр явах байсан ч улс орон даяар тогтоосон хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар цуцлагдсан юм. 

Иймд тухайн нислэгт багтаж, билетээ бичүүлсэн Европын орнуудад гацаад байсан Монгол иргэд өчигдрийн нислэгийг нэг сар орчим хүлээж, хүндхэн нөхцөлд байсан гэж болно. 

Тэгвэл хүний нутагт хүнлэг бус үйлдлийг МИАТ  компани болоод манай зарим төрийн албан хаагчид гаргасан байж болзошгүй байна. 

Учир нь Германы Франкфуртын нисэх буудал дээр эх орондоо ирэхээр Европын өөр хотоос ирсэн 30 орчим насны эмэгтэйг манай зарим албан хаагчид “коронавирусийн халдвартай байна. Авч явахгүй” хэмээгээд хүний нутагт, Франкфуртын нисэх буудал дээр үлдээгээд ирсэн тохиолдол гарсан байна. 

Иймд тус эмэгтэй Герман хэлний мэдлэг муу, тус газарт таних хүн байхгүй, мөн мөнгөгүйн улмаас хүнд нөхцөл байгаа талаар эх сурвалжууд манай редакцад мэдээллээ. Бид энэ талаар Улсын онцгой комисс зэрэг холбогдох албаны хүмүүсээс тодруулахаар ажиллаж байна. Учир нь өнгөрөгч шөнө Улаанбаатар-Франкфурт чиглэл МИАТ компани дахин нэг нислэг үйлдсэн бөгөөд тус нислэгээр тухайн эмэгтэйг эх оронд нь авч ирэх үү гэсэн хүлээлт үүсээд байна. 

Учир нь манай улсад коронавирус халдварын зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол болоод дотоодод алдагдсан тохиолдлоор 800 гаруй иргэн бүртгэгдээд байгаа юм. Иймд тухайн иргэн үнэхээр халдвартай нь тогтоогдсон бол халдвар хамгааллыг сайтар сахиж, эх оронд нь авч ирээд эмчлэх бүрэн боломжтой гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.