НМХГ: Улаанчулуутын цэг дээр ил задгай хаясан эмнэлгийн хаягдал нь 2013-2014 оных байж болзошгүй

НМХГ: Улаанчулуутын цэг дээр ил задгай хаясан эмнэлгийн хаягдал нь 2013-2014 оных байж болзошгүй

Коронавирусийн халдварын шинжилгээнд хэрэглэсэн сорьц, тариур зэргийг Улаанчулуутын хогийн цэг дээр ил задгай хаясан байна гэх мэдээлэл гарч, иргэдийг анхаарлыг татаж эхэлсэн. Тэгвэл энэ мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар дээр нь очиж, хяналт шалгалт хийж буй.

Үүний дагуу “Элемент медикал” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд тус компани нь өөрийн ландфиллын талбайд ил задгай хаягдсан байсан 350 кг эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг автоклавт халдваргүйтгэн, ачилт хийсэн сав, болон автомашиныг зааврын дагуу халдваргүйжүүлсэн байсан. Харин тус ландфиллын талбай нь ахуйн хог хаягдлын цэгийн хашаан дотор байрладаг бөгөөд тусдаа хашаагүй, хамгаалалт муутай, гаднаас ил задгай хог хаях бүрэн боломжтой байсан аж.

Мөн халдваргүйжүүлсэн хог хаягдлыг нэг бүрчлэн шалгахад хамгаалах хувцас комбинзон дээр Урантуяа гэсэн нэр бичсэн, 2013, 2014 оны өсгөвөр, Өмнөговь 2013, 201-300, 2014 оны хоёрдугаар сарын 11-н гэсэн тэмдэглэгээтэй хайрцагтай тубе байгаагаас харахад судалгаа шинжилгээний ажилд ашиглаж байсан байж болзошгүй гэж үзжээ.

Тиймээс экологийн цагдаагийн албанаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирэн, хог хаягдлын гарал үүслийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.