Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр тохиож байна

Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр тохиож байна

Нарны төв тэнгэрийн экваторт оршиж, Өмнөд, Хойд туйлыг эс оролцуулан дэлхий даяар өдөр, шөнийн үргэлжлэх хугацаа ижил өдөр буюу хаврын өдөр шөнө тэнцэх өдөр энэ жил өнөөдөр (2020.03.20) тохиож байна.

Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр нар тэнгэрийн мандлын өмнөд хагасаас хойд хагаст шилждэг аж. Нар тэнгэрийн экваторын нэг цэгийг дайрах хугацаа хуанлийн жилийн хугацаанаас зөрдөг тул өдөр, шөнө тэнцэх мөч жилээс жилд өөрчлөгддөг байна.

Энгийн буюу нам жилд өдөр шөнө тэнцэх мөч өмнөх жилийнхээс 5 цаг, 48 минут, 46 секундээр хожим тохиодог бол өндөр жил 18 цаг, 11 минут, 14 секундийн өмнө тохиодог гэнэ. Тиймээс өдөр шөнө тэнцэх мөч хуанлийн хоёр өдөр давхцан тохиох боломжтой аж.

Энэ жил хаврын өдөр шөнө тэнцэх өдөр өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр, УБ-ын цагаар 11.53 цагт эхэлжээ.

Өдөр шөнө тэнцэх өдөр нар эгц зүүн зүгээс мандаж, эгц баруун зүгт жаргадаг бөгөөд тэнгэрийн хаяан дээр 12 цаг, тэнгэрийн хаяан доор 12 цаг оршдог байна. Өөрөөр хэлбэл хоёр туйлыг эс тооцвол дэлхий даяар өдөр шөнө тэнцүү байдаг аж.

Хаврын өдөр шөнө тэнцэх өдрөөс эхлэн бөмбөрцгийн өмнөд хагаст одон орны хуанлийн намар ирдэг бол хойд хагаст одон орны хуанлийн хавар ирж, зуны туйлын өдөр хүртэл үргэлжилдэг байна. Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр нар Загасны ордод байрладаг байна.