ВИДЕО: Тайвань хязгаарлалттай бүсээс гарахаас татгалзсан Хятадын загас агнуурын хөлгийг усан буугаар шүршжээ

ВИДЕО: Тайвань хязгаарлалттай бүсээс гарахаас татгалзсан Хятадын загас агнуурын хөлгийг усан буугаар шүршжээ

Тайванийн Эргийн хамгаалалтын алба Өмнөд Хятадын тэнгис дэх Дунша арлын ойролцоох хязгаарлалттай усанд нэвтэрсэн Хятадын загас агнуурын хөлгийг гаргахын тулд усан буу ашиглажээ.

ВИДЕО: 

Тодруулбал, аравдугаар сарын 1-нд Тайванийн “Юньлин” эргүүлийн хөлөг Дунша арлаас зүүн тийш 27 далайн милийн зайд Хятадын “Yue Hui Dong Yu 75066” болон “Jin Sha” нэртэй хоёр загас агнуурын хөлгийг илрүүлсэн байна. Тайванийн тал эдгээр хөлөг хязгаарлалттай усанд найман далайн милээр нэвтэрч, зангуугаа буулган үйл ажиллагаа явуулж байсан гэж мэдээлжээ.

Эргийн хамгаалалтын алба хоёр хөлөгт радио холбоогоор дараалан анхааруулж, бүсээс гарахыг шаардсан байна. Үүний дараа “Yue Hui Dong Yu 75066” хөлөг зангуугаа татаж, тухайн бүсээс гарсан бол “Jin Sha” хөлөг гарахаас татгалзжээ.

Улмаар Тайванийн эргүүлийн хөлөг гурван удаа анхааруулсан боловч үр дүнд хүрээгүй тул “Jin Sha” хөлгөөс 200 орчим метрийн зайнаас усан буугаар дээш чиглүүлэн 30 секундын турш шүршсэн байна. Энэ нь нөлөө үзүүлээгүй тул ойртон очиж, хөлгийн жолоодлогын хэсэг рүү 90 секундын турш ус цацжээ. Үүний дараа “Jin Sha” зангуугаа татаж, бүсээс гарч эхэлсэн байна. Гэвч хөлөг бүсээс гарч явахдаа хөдөлгүүрийн гэмтлийн улмаас зогссон тул Тайванийн эргийн хамгаалалтынхан тусламж үзүүлж, хөлгийг чирэн хязгаарлалттай бүсээс гаргажээ. Мөн “Jin Sha” хөлгийн багийн хүсэлтийн дагуу 35 порц халуун хоол өгсөн байна. Тайванийн тал усан буу ашигласан ажиллагааг хуульд нийцсэн бөгөөд хөлгийг бүсээс гаргах стандарт ажиллагааны журмын дагуу хэрэгжүүлсэн гэж мэдэгдсэн байна. Дунша арал нь Тайванийн хяналтад байдаг боловч БНХАУ мөн тус арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд бүс орчим дахь усан хил, загас агнуурын асуудал нь талуудын маргаантай сэдвүүдийн нэг юм.